Гал тахиа жил өндөр суудалтанд халтай, залууст ээлтэй

img

Гэрэл зургийг MPA.mn

 

XVII жарны “Алтан унжлагат" хэмээх улаагчин тахиа жилд манай улсын нийгэм, эдийн засаг, байгаль хийгээд хүмүүний үйл хэрэг монгол зурхайд хэрхэн буусан талаар МБШТөв Гандантэгчинлэн хийдийн хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьдаас тодруулав.

 

-Тахиа жилийн ерөнхий төлөв зурхайн зурлагад хэрхэн бууж байна вэ. Шороон үхрийн шинжээр тодорхойлоход жилийн өнгө ноён нуруу ямар байх  бол?

 

-“Шороон үхэр”-ийн толгойгоор ард иргэд болон улирлын эхлэлийг, эвэр чих сүүлээр салхи шуургыг, омгуугаар нь хур тунадас, дөрвөн шийрээр ургац тариа, биеийн өнгөөр ган зуд болохыг шинждэг. Үхэр хариулаачаар нийт  хүн зон, ард иргэдийн санаа сэтгэл, мал сүрэг, жилийн өнгө төрхийг шинжинэ. Үхэр хариулаач бага насны хүүхэд бол ард иргэдэд амгалантай, залуус хийгээд өвгөдөд ширүүн жил хэмээн үздэг. Урган гарч буй “Алтан унжлагат” хэмэээгч гал тахиа жилийн “Шороон үхэр”-ийн шинжээр жилийн эхээр хур сайтай, хур чийг ихтэй. Мөн салхи шуурга ихтэй байх төлөвтэй байна. Үхэр хариулаач нь хүүхэд тул хүүхдэд амгалантай, өвгөдөд ширүүн, залууст ээлтэй жил гарна.

 

-Тахиа жилийг “Алтан унжлагат"  хэмээн тодотгосон нь ард олны сэтгэлд нийцэж байх шиг байна?

 

- Жил бүр өөрийн оноосон нэртэй байдаг. Гал тахиа жил ёгт нэрийн хувьд ч ард нийтийн сэтгэлд сайнаар бууж байна. Ерөнхийдөө Монголчууд “Алтан унжлагат” гэдэг нэрийг ихэд бэлэгшээж сайхан жил гарна гэдгийг хэлж байна.

 

-Гал тахиа жилд  улс орны нийгэм, эдийн засгийн байдал  ямар байх төлөвтэй байна вэ?

 

-Тахиа жил залуучууд буюу дунд суудалтанд сайн, ахмадууд, төрийн өндөр суудалтанд таатай биш гэж зурхайд буусан.

 

-Жил нь орж байгаа хүмүүс болон харш жилтнүүд юуг анхаарвал зохистой вэ?

 

-“Гал тахиа” туулай жилтэй “их харш” учир туулай жилтнүүд онцгой засал хийлгэнэ. Мөн шишил буюу “бага харш”-д морь, хулгана жил таарч буй учраас энэ жилд төрсөн хүмүүс тусгай засал хийлгэх учиртай. Эдгээр суудал өнцөгдсөн болон жил нь орж буй хүмүүс манай Гандантэгчинлэн хийдээс Шинийн 14-ны бэлэгт сайн өдөр зохион байгуулж буй хурал, номын үйл ажиллагаанд хүрэлцэн ирж, засал номоо хуруулах боломжтойг дуулгая. Гал тахиа жилийн Шинийн 14 буюу Өндөр гэгээн Занабазарын жанч хальсан дүйчэн өдөр энэ сарын 11-нд тохионо. Эл өдөр МБШТөв Гандантэгчэнлин хийдийн лам нар үнэ төлбөргүй засал, ном айлдах юм.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

humuus mini:
ZA TEGEED BOLUUL LAM NARAA ELDVEER BITGII HELEEREI DE .SHUUMJILSEN CH NUGJIH DEVSHIH ASHIG TUSIIG BODOLTSON DEVJIHUIN UUDNEES L SHUUMJILEEREI DEE
2017-03-09