Шинжлэх ухааны салбарын эрхзүйн орчныг судалжээ

ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл “Шинжлэх ухааны салбарын хууль эрх зүйн орчны шинжилгээ” судалгааны үр дүнг БСШУС-ын сайд Ж.Батсуурьт өнөөдөр танилцуулж хүлээлгэн өглөө.
Тус судалгааг БСШУС-ын Сайдын даалгавраар ШУА-ийн Философийн хүрээлэнг түшиглэсэн судалгааны баг 2016 оны 12 дугаар сарын 14-нөөс 2017 оны 1 дүгээр сарын 28-ны хооронд хийж гүйцэтгэсэн байна. Судалгааны багт тус хүрээлэнгийн хууль эрх зүй, улс төр, социологийн мэргэжлийн судлаачид, УИХ-ын судалгааны албаны судлаач, БСШУСЯ-ны ШУТБГ-ын мэргэжилтэн, ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын хуулийн мэргэжилтэн зэрэг шинжлэх ухааны салбарын удирдлага, бүтцийн янз бүрийн түвшинд ажиллаж буй судлаач, эрдэмтэн, бодлогын мэргэжилтэн нар орж ажиллажээ.
Судалгааны багийнхан “Энэхүү судалгаа нь шинжлэх ухааны салбарын бодлого, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, энэ салбарын бодлогын хэрэгжилтийг шинжлэх ухааны үндэстэй удирдан зохион байгуулахад чухал ач холбогдолтой мэдээлэл болсон” хэмээв.
Судалгааны төслийн багийг академич Г.Чулуунбаатар, доктор Д.Батмөнх нар удирдаж, академич С.Нарангэрэл судалгааны багийн зөвлөхөөр ажиллажээ. Судалгаа нь шинжлэх ухааны салбарын хууль тогтоомжид хийсэн дүн шинжилгээ, салбарын хууль эрх зүй орчин, үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалт, санхүүжилтийн талаарх экспертүүдийн үнэлгээ, санал, дүгнэлт гэсэн үндсэн 2 чиглэлээр хийгдсэн байна.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ