Пак Ын Хэ: Цаг хугацаа бүхнийг илчилнэ

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ын Хэ огцорч, Хөх ордноос нүүжээ. Энэ талаар “Ройтерс” болон “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Өмнөд Солонгосын улстөрийн түүхэнд хараар бичигдэх үйл явдал өнгөрсөн баасан гаригт тохиолоо. Авлигын дуулиантай нэр нь холбогдоод байсан тус улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Пак Ын Хэг Үндсэн хуулийн цэцийнхэн буруутай хэмээн үзэж, албан тушаалаас нь чөлөөлөв.
Цэцийн есөн гишүүн санал нэгтэйгээр Пак Ын Хэг буруутай хэмээн үзжээ. Өмнө нь парламентын гишүүд Ерөнхийлөгч Пак Ын Хэд итгэл үзүүлэх асуудлаар санал хураалт явуулсан ч авлигын дуулиантай нэр холбогдоод буй тэргүүндээ итгэл үзүүлэхээс татгалзсан юм. Тэрбээр шүүхийн шийдвэрийн дараахан Хөх ордноос нүүж, Сөүл хотноо байрлах хувийн байшиндаа очсон аж. Түүний байшинг аюулгүй байдлын үүднээс 1000 орчим цагдаагийнхан хамгаалалтад авчээ.
Пак Ын Хэ ард түмэндээ хандан “Надад олгогдсон Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж чадалгүй Хөх ордноос нүүж буйдаа та бүхнээс уучлалт гуйж байна. Нэг л өдөр бүх зүйл илчлэгдэж, намайг гэм буруугүй гэдгийг нотлох байх. Цаг хугацаа бүгдийг илчлэх болно” хэмээн мэдэгджээ. Пак Ын Хэг төрөөс явж буйд иргэд баяртай байгаа ч түүнийг хуулийн дагуу шийтгэж, ял хүлээлгэхийг шүүхээс шаардаж, жагсч эхэлсэн байна.
Жагсагчид эрх баригчдаасаа дөрвөн зүйлийг шаардаж буй юм. Нэгт “Ерөнхийлөгч асан Пак Ын Хэг хийсэн хэргийнх нь төлөө байцаах, ял тулгах”, “Улсын нууцын зэрэглэлтэй материалтай танилцаж, найзынхаа нэр хүндийг ашиглан мөнгө угаасан гэгдэх Чой Сун Шилийг яллах”, “Улсын мөнгөөр зугаацсан Чой Сун Шилийн охин Чун Ю Раг баривчлах”, “Ерөнхийлөгч болон түүний найзад авлига өгсөн “Самсунг” группийн өв залгамжлагч И Жён Ен болон тус группийн нөлөө бүхий эрхмүүдийг авлига өгснийх нь төлөө баривчлан, яллах” гэжээ.
Пак Ын Хэг шүүхээс огцруулах шийдвэр гаргасаны дараахан түүний дэмжигчид Сөүл хотноо жагсаал зохион байгуулж, цагдаа нартай мөргөлдсөн билээ. Уг жагсаалын үеэр хэсэг жагсагчид автобус дээр гарсан байна. Цагдаагийнхан жагсагчдыг автобуснаас буулгахаар тэмцэх үед хэд хэдэн жагсагч унаж, гэмтжээ. Эмнэлэгт хүргэгдээд байсан жагсагчдын гурав нь амиа алдсан аж.
Пак Ын Хэг өнгөрсөн оны эцсээр найздаа улсын нууцын зэрэглэлтэй материал үзүүлсэн гэх хэрэгт унасан билээ. Уг хэрэг даамжирч, тэднийг мөнгө угаасан, авлига авсан хэрэгт буруутгаж, энэ хэрэг олон улсын анхаарлыг зүй ёсоор татах болсон. Нууц материал задруулсан, авлига авсан гэх дуулианы дараа Ерөнхийлөгчийн нэр хүнд ард түмний дунд унаж байсан ч “Севол” хөлгийн асуудлаас болж, Пак Ын Хэ ганцхан өдрийн дотор нийт дэмжигчдийнхээ 90 дээш хувийг алдсан гэхэд болно. 300 гаруй хүүхдийн аминд хүрсэн уг ослын үеэр Ерөнхийлөгч гоо сайхны хагалгаа хийлгэж байсан гэх баримтыг байцаагчид олсон аж. Хариг уг мэдээллийг Ерөнхийлөгч эрс үгүйсгэсэн ч “Севол” хөлөг осолдож байхад тэрбээр долоон цагийн турш ажлын байрандаа байгаагүй болохыг нотолжээ. Уг мэдээллийн дараа солонгосчууд Ерөнхийлөгчөө суудлаас нь унагаахаар тэмцэж эхэлсэн билээ.
Ийнхүү солонгосчууд анхны эмэгтэй Ерөнхийлөгчөө суудлаас нь түлхэн унагаав. Одоогоор Сөүлийн улстөрийн байдал ойлгомжгүй, тааварлахын аргагүй байна. “Хэн Пак Ын Хэг залгамжлан, тус улсад үүсээд буй олон асуудлыг шийдвэрлэх вэ?” гэдэг нь олон улсын анхаарлыг зүй ёсоор татаж эхэллээ. Цагаан ордон өнгөрсөн амралтын өдөр “Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчөөр хэн ч сонгогдсон бай хоёр улсын хамтын ажиллагаа үргэлжлэх болно” хэмээн мэдэгдсэн билээ.
Дараагийн Ерөнхийлөгчөөр 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Пак Ын Хэтэй өрсөлдөж байсан “Ардчилсан” намын экс дарга Мүн Жэ-ин нэрлэгдэж байна. Тэрбээр ард түмний дунд нэр хүндтэй бөгөөд олон жил улстөрчөөр ажилласан ч ямар ч дуулиантай нэр холбогдож байгаагүйгээрээ алдартай нэгэн юм. Ирэх тавдугаар сарын 9-нд Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль болно. Удахгүй парламентад суудалтай намууд сонгуульд ямар хүнээ нэр дэвшүүлж буй нь тодорхой болох билээ. Өмнөд Солонгос улсын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй Ерөнхий сайд Хван Кё-ан ажиллаж буй юм.
Богинохон хугацаанд өөрийгөө шилдэг улстөрч гэдгээ батлан харуулаад буй Ерөнхий сайдыг мөн дараагийн Хөх ордны залгамжлагч хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна. Эдгээр хоёр улстөрчийн дунд гол өрсөлдөөн болох нь нэгэнт тодорхой болоод буй билээ.
Ямар ч эрхэм дараагийн Ерөнхийлөгч болсон бай түүний нуруунд асар их ачаа ирнэ. Учир нь Пак Ын Хэгийн дуулианы дараахан тус улсад эмх замбараагүй байдал үүсэхээс гадна Хойд Солонгос энэ эгзэгтэй үеийг ашиглан баллистик пуужин турших болсон. Уг үйл явцаас болж Өмнөд Солонгос улс хил орчимдоо пуужингийн эсэргүүцэгч төхөөрөмж байршуулж, хөрш орнуудынхаа дургүйцлийн хүргээд байна. БНХАУ уг төхөөрөмжөө нэн даруй эргүүлэн татахгүй бол хариу арга хэмжээ авахаа урьдчилсан сануулаад буй юм. Мөн шинэ Ерөнхийлөгч АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзах билээ.Хэцүү цаг үед улсаа удирдах эрхэм удахгүй тодорхой болно.
“Та дахин эмэгтэй хүнийг Ерөнхийлөгчөөрөө сонгох уу”? гэх санал асуулгад оролцсон нийт иргэдийн 70 дээш хувь нь “Үгүй” хэмээн хариулжээ. “Пак Ын Хэгээс болж тус улсад эмэгтэй улстөрчдийн нэр хүнд унаж, ард түмний авах дэмжлэг эрс багассан” талаар “Ёнхап” агентлаг мэдээлэв.
Сүүлийн үеийн мэдээгээр Пак Ын Хэд цагдаагийн байгууллагаас хилийн хориг тавьжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ