Шотланд тусгаар улс болох уу

Их Британи болон Умард Ирландын нэгдсэн вант улсын бүрэлдэхүүнд багтах Шотланд тусгаар улс болох эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулга дахин зохион байгуулахаар болсон талаар “CNN” агентлаг мэдээллээ. Тус улс 2018 оны арванхоёрдугаар сар эсвэл 2019 оны нэгдүгээр сард санал асуулга явуулахаар төлөвлөж буй гэнэ.
Уг асуудлаар Шотландын эрх баригчид ирэх долоо хоногийн эхээр Британийн Засгийн газартай хэлэлцэх, уулзалт зохион байгуулахаар болсон талаар Шотландын тэргүүн сайд Никола Старжен мэдэгдлээ.
Тэрбээр “Сонголт зөвхөн шотландчуудын гарт бий” гэж хэлэв.
Британийн Ерөнхий сайд Тереза Мэй Их Британийг Европын холбооноос гарах ажлыг эхлүүлэхээ зарласан билээ. Орон нутгийн хэвлэлүүд “Шотланд болон Европын холбооны асуудал Ерөнхий сайдыг эмзэглүүлж байна” хэмээн мэдээлжээ.
“Шотланд тусгаар улс болох уу?” гэх асуудлаар өнгөрсөн 2014 оны есдүгээр сард бүх нийтийн санал асуулга болсон билээ. Санал асуулгад оролцсон нийт иргэдийн 55 хувь нь “Шотланд, Их Британийн бүрэлдэхүүнээс гарах нь хэтэрхий эрсдэлтэй” гэсэн юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ