Энхийг сахиулагчид Судан хүүд тусалжээ

Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэж буй манай улсын алба хаагчид 2 настай Судан хүүгийн амь насыг аварсан тухай https://www.facebook.com/General-Staff-of-the-Mongolian-Armed-Forces цахим хуудсаар дамжуулан мэдээллээ.
Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальон үүрэг гүйцэтгэж буй юм.
Тус батальоны Бентью баазын харуулын цэг дээр III МБР-ын ахлагч Т.Буянзул, дэд ахлагч О.Цэнд-Аюуш нар гуравдугаар сарын 8-нд 21.00 цагийн үед цэгээс 150 метрийн зайд, харгалзах хүнгүй явж байсан 2 настай хүүхдийг илрүүлэн, төвд яаралтай мэдэгджээ.
Харуулын шуурхай бүлэг дотоодын дүрвэгсэдийн хуарангаас гарч шуурхай арга хэмжээ авсаны үр дүнд бага насны хүүхдийг болзошгүй эрсдэлээс аварсан бөгөөд шөнийн 00.00 цагийн үед харуулын хяналтын секторт орон нутгийн 3 иргэн орж ирсэн ба бага насны хүүхэд хайж байгаа нь тодорхой болмогц НҮБ-ын цэргийн цагдаад мэдэгдэж, хүүхдийг эсэн мэнд эцэг, эхэд нь хүлээлгэн өгсөн байна.
НҮБ-ын цагдаагийн алба болон ДДХ-ын аюулгүй байдлыг сайн дураараа хангадаг Community Watch Group-ээс бага насны хүүхдийг гарч болзошгүй эрсдэлээс цаг алдалгүй авран хамгаалсан манай алба хаагчдад талархал илэрхийлсэн байна.
Дашрамд дурдахад хүүхдийн нэрийг Ниа Гаак гэдэг аж.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ