МУСТА Ч.Бадралыг 24 сая төгрөгөөр шагнана

Олон улсын дуурын дуулаачын уралдаанд амжилттай оролцсон хоёр дуучныг төр засгаас мөнгөн шагналаар урамшуулахаар болжээ.
Дэлхийн нэрт дуучин Бибигуль Тулегеновойн нэрэмжит олон улсын дуурын дуулаачын уралдаан 2016 оны наймдугаар сард болсон. Тус уралдаанд манай улсын ЦДБЭЧуулгын гоцлол дуучин, МУСТА Ч.Бадрал тэргүүн байр эзэлсэн юм. Мөн тэрбээр нэрт хөгжмийн зохиолч Римский Корсаковын нэрэмжит Олон улсын Дуурийн дуулаачдын уралдаанд дэлхийн 10 гаруй орны 100 гаруй мэргэжлийн дуучдыг магнайлж хоёрдугаар байранд шалгарсан.
Түүний энэхүү гавьяаг төр засгаас үнэлж, Засгийн газрын хуралдаанаар 24 сая төгрөгөөр шагнан урамшуулахаар болжээ.
Мөн Римский Корсаковын нэрэмжит Олон улсын Дуурийн дуулаачдын уралдааны гуравдугаар байрын шагналыг хүртсэн ОХУ-ын Санктпетербургийн хөгжмийн дээд сургуулийн магистрант Түвшинжаргалын Энхбатад 19 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор болов.
Манай улсын соёлын ажилтан, уран бүтээлчид 2006 оноос олон улсын уралдаан, наадам, үзэсгэлэнд амжилттай оролцож ирсэн бөгөөд онцгой амжилт гаргасан 155 хүнд Засгийн газар 1 тэрбум 430 гаруй сая төгрөгийн мөнгөн шагнал олгоод байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ