Б.Солонго: Ховорхон хувь тохиолын эзэн боллоо

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн танхимд өчигдөр /2017.03.21/ 15.00 цагийн орчимд жирэмсэн эмэгтэй нярайлсан. Хүүхдийг эх барьж авсан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн нарийн бичгийн дарга Б.Солонгоос цөөн асуултад хариулт авлаа.
-Хувьтай ч гэх юм уу сонин тохиолоор хүүхэд эх барьж авлаа. Болсон явдлын талаар ярихгүй юу?
-Маш их сандарсан. Би хүүхэд төрүүлнэ, эх барьж авна гэж үнэхээр төсөөлөө ч үгүй явсан. Гэтэл сонин хувь тохиолоор хүүхэд эх барьж аваад сайхан санагдаж байна. Шүүх хуралдааны үед гэнэт хуралд иргэдийн төлөөлөгчөөр оролцож байсан жирэмсэн эмэгтэйн ус нь гарчихлаа гэсэн. Бид бүгд сандраад анхан шатны тусламж үзүүлэх хүнгүй байсан учраас би иргэний үүргээ биелүүлж ямартай ч эхлээд өмдөө тайлахад нь тусласан. Чимгээ эгчийн дөрөв дэх төрөлт нь учраас их туршлагатай юм билээ. Надад зөвлөөд л эгчийн хэлснээр хүүхдийг өлгийдөж авсан даа.
-Хүүхэд уйлахгүй болохоор нь их айсан гэв үү?
-Тийм ээ маш их айсан. Хүүхэд төрсөн даруйдаа их сонин царайтай болоод ер уйлахгүй болохоор нь маш их айсан шүү. Тэгээд гуян дээр нь зөөлөн алгадсан чинь час хийтэл уйлаад эхэлсэн.
-Хүүхэд эх барьж авахад ямар сэтгэгдэл төрөв?
-Хүүхэд уйлахгүй байж байгаад час хийтэл уйлах тэрхэн агшин үнэхээр үгээр хэлэхийн аргагүй гайхалтай санагдаж, өөрөө төрсөн юм шиг л ээжийгээ өрөвдөж, хайрлаад тэсэлгүй уйлчихсан.
-Шүүхийн танхимд төрсөн хүүхэд маань хүү гэв үү?
-Тийм ээ. 3,2 кг хүү төрсөн. Хүүхдийг эх барьж авчихаад би шүүх хуралдаанд орж ажлаа хийсэн. Гараад иртэл манай ажлынхан “Чи хүүтэй боллоо” гээд л ихэд бэлэгшээн баяр хүргэсэн. Үнэхээр л хүний амьдралд ховор тохиох үйл явдал болсон доо.
-Одоо эх хүүхдийн биеийн байдал сайн биз ээ?
-Сайн байгаа. Эх хүүхэд амаржсаны дараа удалгүй түргэний хоёр эмч ирж, анхан шатны тусламж үзүүлээд авч явсан юм.
-Шүүх хуралд жирэмсэн эмэгтэй ямар үүрэгтэй оролцож байсан бэ?
-Иргэдийн төлөөлөгчөөр оролцож байсан. Иргэдийн төлөөлөл гэдэг нь бүрэлдэхүүнтэй шүүх хуралд иргэдийг төлөөлөн сууж, хэргийг яаж шийдвэрлэвэл зохистой вэ гэдэг тал дээр саналаа өгдөг хүн юм. Иргэдийн төлөөлөгчөөр хуралд оролцсоноор хуулийн мэдлэгтэй болдог олон талын ач холбогдолтой. Тухайн амаржсан эмэгтэй маань Хан-Уул дүүрэгт оршин суудаг шүүх хуралд оролцох гэж ирэхдээ гэнэт өвдөлт өгч, төрсөн юм.
-Солонго өөрөө хүүхэдтэй юу?
-Үгүй ээ. Гэхдээ удахгүй ээж болохоор төлөвлөж байгаа. Хүүхэд эх барьсан талаараа найз залуудаа хэлтэл маш их бэлэгшээж байсан.
Ярилцсанд баярлалаа. Ажилд нь өндөр амжилт хүсье.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ