Эдийн засгаас хайх “ногоон гэрэл”

Эдийн засгийн дефолт үүсэх ирмэг дээр тулаад байсан манай улс энэ удаад 580 сая ам.долларын өрөө төлж, түр амьсгаа авахтайгаа болоод байна. Гэхдээ энэ өрийг улсын сангийн нөөцөөсөө бус Засгийн газар долоон жилийн хугацаатай, жилийн 7.625 хүүтэй бонд гаргаснаар төлсөн. Энэ нь Чингис бондын 4.125 хувийн хүүтэй харьцуулахад өндөр. Гэхдээ тухайн үед манай улсын өрийн хэмжээ 28 хувьтай байсан бол өнөөдөр 100 хувь хол даваад явчихсан. Ийм нөхцөлд бонд босгох нь чангахан шалгууртай байдаг байна. Нөгөөтэйгүүр Засгийн газар өрийг өрөөр дарж, урд хормойгоороо хойд хормойгоо нөхлөө.
Хоёр парламент дамнан үргэлжилсэн “Чалько”-гийн өрийг бүрэн төлж, дуусгавар болгохоо Ерөнхий сайд мэдэгдсэн нь хамгийн чихэнд чимэгтэй мэдээлэл байв. Ингэснээр Тавантолгойн ордын Зүүн Цанхийн нүүрснээс олох орлого шууд Монгол улсын төсөвт орох юм.
Ж.Эрдэнэбатын Засгийн газар таван хэсэг болж задарсан төсвийг нэгтгэж, их өрийг цэгцэлж, төсвийн сахилга батыг тогтоох гэж байгаагаараа өмнөх Засгуудаас онцлогтой. Ерөнхий сайд өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн ажлаа “Эдийн засгаа сэргээх, төсөвт хэмнэлт хийх, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлогыг шат дараатай хэрэгжүүлж эхэлснээр 2016 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэлээр 2012 оноос хойш 4 жилийн турш тасалдаж ирсэн төсвийн орлого анх удаа 504 тэрбум төгрөгөөр даван биелж, алдагдалтай явсан гадаад худалдаа 1.6 тэрбум долларын ашигтай, гадаад валютын нөөц сүүлийн 4 жилд мөн анх удаа өсөлттэй гарсан нь манай Засгийн газрын хүлээж авсан хүнд үеийн хямарсан эдийн засагтай харьцуулахад чамлахааргүй үзүүлэлт юм” гэж дүгнэж байна лээ. Эдийн засгийн хямралтай төр, засгийг хүлээж авсан эрх баригч хүчин ч эдийн засагчаар Засгийн газрыг тэргүүлүүлсний үр дүн эхнээсээ гарч байгаа ч гэж болохоор.
Гэхдээ итгэл алдраад гараад явчихсан гадаадын хөрөнгө оруулагчдын өмнө ч ногоон гэрэл асааж чадсан гэж байгаа ч Монголын эдийн засаг дахь шар гэрэл өнөөдөр байтугай энэ ондоо ч анивчаастай хэвээр байх юм билээ. Учир нь хаврын чуулганаар энэ оны төсөвт тодотгол хийж, олон нийтэд чиглэсэн 8 төрлийн татварыг нэмэгдүүлнэ. ХАОТ, шатахууны онцгой албан татвар, хадгаламжийн хүүгээс авах татвэр гээд бүгд олон нийтэд чиглэсэн. Тиймээс ч Сангийн сайд Б.Чойжилсүрсэн он дуустал бүсээ чангалах шаардлагатай гэдгийг мэдэгдээд байгаа. Харин Ерөнхий сайдын хувьд иргэд биш төр бүсээ чангалж, төрийн албан хаагчид зарлагаа хэмнэж, орлогоо нэмэгдүүлэх ёстой гэж чанга дуугаар мэдэгдэнэ лээ. Нэг танхимын Засгийн газрын тэргүүн хийгээд Сангийн сайд хоёрын хэнийх нь үг үйлдлээрээ хэрэгжих нь тун удахгүй хаврын чуулган эхлүүт мэдэгдэнэ.
Ер нь ч өмнөх парламентын үеэс ард түмэн бүсээ чангалаад эхэлчихсэн. Тансаглалаа танаж, хэрэглээний зээлээс эхлээд ипотекийн зээлээ төлөхөөр өрхийн төсвөө тас хумин эдийн засагжсан, хэмнэлтийн он жилүүдийг олон нийт нуруун дээрээ үүрэн явж байгаа. Харин өнөөдрийн санхүүгийн хямрал их мөнгөд цатгалдсанаас нүүрлэсэн гэсэн оношийг Засгийн газрын тэргүүн тавьж байна лээ. Тухайн үеийн Сангийн сайд С.Баярцогт “эдийн засаг сэргэж, их мөнгөний урсгал илүүрхэх үед асуудал тулгардаг. Бид энэ үед орлогоо зөв зарцуулах хэрэгтэй” гэж нэгэнтээ дуугарч байсан. Гэвч эдийн засаг олон нийтэд илүүрхэж мэдэгдээгүй ч эрх мэдэлтнүүдийн хувьд их мөнгөн дээр суухын “зовлон”-г үүрсэн туулсан бололтой.
Эдүгээ ОУВС-гийн хөтөлбөр хөрөнгө оруулагчдад баталгаа өгснөөр Монгол Улсын рейтинг, зээлжих зэрэглэл олон улсын санхүүгийн зах зээл дээр сэргэнэ, дагаад хөрөнгө оруулалт нэмэгдэн бодитой ахиц, эерэг өөрчлөлт гарч эхлэх юм билээ. Гэхдээ Монголд хөрөнгө оруулалтыг дуудаж авчрах боломж өнөөдөртөө зөвхөн уул уурхайд л байна. Бидэнд баялаг нь байвч мөнгө, технологи байхгүй. Мөнгөний эрэл нь уул уурхайн ирмэгт тулаад зогсож байгааг Ерөнхий сайд онцолсон. Тиймээс ч энэ хавар Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар тооцжээ. Харин энэ орд хөдөлгөхөөр тооцоолж байсан “Тавантолгой”-н орд төмөр зам, цахилгаан станцтай, ДЦС зэргийг ирэх 2018 оноос эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм билээ.
Эдийн засагт асах ногоон гэрэл энэ онд бус ирэх жилээс л анивчих бололтой.
Н.Энхлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ