Улстөр, эрх мэдлийн дараагийн хуваарилалт
АН-ын бүлэг УИХ-ын Сонгуулийн тухай хуулиар завсарлага авсан хэвээр байх юм байна. Хаврын чуулганаар бүхий л хурлаас завсарлага авч төрийн ажлыг гацааж байсан гашуун түүхийг давтахыг хүсээгүй бололтой. Энэ нь ирэх жилийн сонгуулийн сурталчилгаанд нь хар пиарын аюултай гэдгийг олонхи нь бодсон гэх. Харин Сонгуулийн хуулийн нэгтгэсэн төсөлд хаврынхаас дээрдсэн гээд онцлоод хэлчих өөрчлөлт гарсангүй. Хамтран засаг барилцах хугацаандаа алдаа бүрийг нөгөө талд, ашиг бүрийг өөрийн талд хэмээн толхилцох намуудын хувьд Сонгуулийн санаачлага, давуу эрхийг гартаа оруулах гэж улайран тэмцэлдэнэ. МАН мажоритари давамгайлсан 26/50 хувилбарыг санал болгосон бол АН-ынхан хүлээж авах боломгүй хэмээн гэдийсэн. Ажлын хэсгийн олон удаагийн хуралдаанаар мажоритари, пропорциональ давамгайлсан хоёрын аль нь, УИХ-ын гишүүдийг нэрээр нь сонгох уу, намын нэрээр сонгох уу гэдэг хувилбаруудаас сонголт хийж чадаагүй. Нэг үгээр хэлбэл улстөрийн тавцанд удаан орших, засгийн эрх авах эсэхийг энэ хоёр заалт шийдэх болчихоод байгаа юм. Томчуудын маргаан жижиг намуудыг улстөрийн карьераараа үргэлжлүүлэхэд нь халгаатай байгаа. Амлах амлалт, сонгуулийн сурталчилгаа хийхэд төвөг удсан томчуудын маргаан хэзээ дуусахыг тойргийн гаднаас хүлээнэ. Харин тойрогт улстөрийн халуун мэтгэлцээн, хөшигний цаадах хор далд байж чадахаа байжээ. Намрын чуулган эхлэхээс сар орчмын өмнө Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулж Монголын талын хувь хэмжээг 50 хувьд хүргэж УИХ-аас баталсан 57 дугаар тогтоолыг бүрэн хэрэгжүүлэхийг шахсан шаардлага Сонгуулийн хуулийг тойрсон дайран дээр давс нэмсэн хэрэг болов. Мөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэгт багтсан гишүүд улстөрийн намуудын хатуу гишүүнчлэлийг бууруулж, орон нутагт намын харъяалал байх шаардлагагүй заалт оруулахаар санал нэгдсэн. Тэгэхээр орон нутгийн иргэд намын төлөө бус нутаг орон, иргэнийхээ төлөө ажиллах болно гэж байгаа. Улстөрийн намууд бялуу хуваахдаа орон нутгийн удирдлагад томилсноор ирээдүйтэй гишүүдийг чөдөрлөх боломж олгодог байлаа. Үндсэн Хуулийн нэмэлт, өөрчлөлтөд оруулах дээрх саналаар том гэгдэх хоёр нам чөдрийн ганцаасаа сална. Өмнө нь төрийн албаны хуулиар зуу зуун гишүүнээсээ салсан. Намын дарга нар цөм “сүргээсээ” салахыг хүсэхгүй. Тиймээс Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний өөрчлөлтийг шаардсан шаардлага, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн өмнө толгой гудайхгүй байхыг эрмэлзэж байгаа гэхийг үгүйсгэхгүй. Энэ хоёр бол Сонгуулийн хуулийн өмнөх шахалт гэж харж байгаа. Харин шахалт ирнэ гэдгийг урьдчилан таамаглаж байсан ч ийм хатуу, гэнэт бууна гэдгийг хараахан тооцоолоогүй байх. Одоо эрх барьж буй хоёр намын удирдлага намыхаа тулгуур багана, өөрийн зөөлөн сэнтийг хэрхэн аварч үлдэхийг л бодож суух. Мэргэн саналуудын нэг нь хамтарсан Засгийн газарт сэлгээ хийх. Гэхдээ хэн хэн нь засгийн гол түлхүүрийг автгаж үлдэхийг хүснэ.
Тухайлбал, МАН-ын хувьд АН-д Сангийн сайдын тамгыг атгуулах хэрэггүй байсан. Үлдсэн хугацаанд өөр салбарын сайдын суудлаар тулъя. Сангийн яам нөгөө талд байгаа цагт эрх мэдэл, төсвийн хуваарилалт АН-д ашигтай хувилбараар шийдэгдээд байна гэсэн тээснээ өчигдөр ил болгож орхисон. АН-ынхан ч ийм зүйл болно гэдгийг мэдсэн болохоор Сангийн сайдын суудлыг үнэд хүргэхээр зүтгэнэ. Олон удаа огцрох саналтай тулд намын нөхдийнхөө нүүрийг улалзуулдаг Эрдэс байлаг, эрчим хүчний сайдын суудлаар солих хэрэгтэй. МАН-ынхан ч зөвшөөрөх магадлалтай өндөртэй гэж бодсон биз.
Ойрын хэдэн жилдээ Сангийн сайдаас дутахааргүй эрх мэдэлд хүрч, Монголын баялгийн хувь заяаг шийдэж байгаа сайд гэж үзсэн бололтой. Сайд нарын суудал үүгээр дуусахгүй нь. Өөр зарим сайд нарын суудал Ерөнхий сайдынхаа суудалтай ганхаж эхэллээ. Асар үнэтэй үнээр хэмжигдэж байгаа Сонгуулийн хуулийн төсөл дээрх бүх ээдрээ тайлагдтал хойш тавигдах болж байна. тэгэхээр АН-ын санал болгоод байгаа 38/38, МАН-ын санал болгосон 24/54 хувилбарууд өөрчлөгдөх магадлал өндөр байна.
Мөн ажиглагчид, улстөрчдийн хэлээд байгаа улстөр, эрх мэдлийн шинэ хуваарилалт 2012 онд болно гэдэг ч ортой болж байна. Үнэхээр ийм зүйл болбол улстөр мөнгө, бялдуучилсан мөнгөн аягтай хадаг сүү гэх сүүдрээсээ салж эрх мэдэл нь саарах боломжтой болж байгаа юм.
Ц.Ургамал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ