Лондон хот террорист халдлагад өртлөө

Лондон хотноо халдлага боллоо. Энэ талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээлэв.
Их Британийн парламентийн танхимын гадна террорист халдлага боллоо. Халдлагын улмаас таван хүн амиа алдаж, 40 гаруй хүн шархтсан талаар Лондонгийн Цагдаагийн газраас уламжлав. “Амиа алдагсдын дунд халдлага үйлдсэн этгээд бий” хэмээн “ВВС” агентлаг твиттер хуудастаа жиргэжээ. Нэг этгээд Уэстминстерийн гүүрэн дээр явж байсан зорчигчдыг дайрч гэмтээжээ. Тэрээр машинаараа явган зорчигчдыг дайрсаныхаа дараа парламентийн танхимын дэргэдэх хашлагыг мөргөж зогсчээ. Дараа нь машинаасаа бууж, парламентын танхим руу гүйх үедээ шаардлага тавьсан цагдаагийн ажилчныг хутгалсан байна. Хутгалуулсан цагдаагийн ажилчин амиа алдсан гэнэ.
Цагдаагийнхан гэмт этгээдийг буудаж, аюулгүй болжээ. “Бэртсэн хүмүүсийн дунд Өмнөд Солонгосын таван иргэн байгаа” талаар Лондон хотноо суугаа тус улсын Элчин сайдын яамнаас мэдээллээ. Мөн Францын дунд сургуулийн сурагчид бэртсэн байна. Тэд халдлага болох үеэр гүүрийн явган гарцаар гарч байжээ. “Зургаан хүүхдийн биеийн байдал хүнд байгаа” талаар албаныхан өгүүлэв.
Олныг цочируулсан уг хэргийн улмаас Лондон хотын дарга нийтийн тээврийг хэсэгчлэн зогсоох шийдвэр гаргасан байна. Мөн халдлага болсон бүс нутгийн цагдаагийнхан хамгаалалтдаа авчээ.Лондон хотын Цагдаагийн дарга Марк Ровли сэтгүүлчдэд “Энэ бол террорист халдлага. Хамгийн гол нь халдлага үйлдсэн этгээдийг устгасан” гэж мэдэгдсэн байна. Ийнхүү Франц, Герман, Бельги улсад болсон цуст халдлага Их Британи улсад боллоо. Одоогоор Хатан хааны гэр бүлийнхэн албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна. “Энэхүү хэрэг хатан хаан II Элизабетэд хүндээр тусах байх” хэмээн нэгэн интернэт хэрэглэгч бичжээ.
Британийн Ерөнхий сайд Тереза Мэй “Энэхүү хэргийг нэг этгээд үйлдсэн” гэж мэдэгдэж, амиа алдагсдын гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн байна. Халдлага болох үед парламентын ордонд шуурхай хуралдаан зохион байгуулагдаж байсан юм. Уг хэргийн улмаас хуралдааныг шуурхай зогсоож, цагдаагийнхан парламентын гишүүдийг хамгаалалтад авчээ. Гишүүд “Шотланд тусгаар улс болох уу” эсэх асуудлаар хэлэлцэж байсан гэнэ.
Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлсэнээр өнөөдрөөс эхлэн парламент хэвийн ажиллах болжээ.
Олныг цочирдуулаад буй уг хэргийг хэн үйлдсэн нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Гэмт этгээдийг “террорист бүлэглэлийн гишүүн эсвэл исламын шашинтан” хэмээн таамаглаж буй билээ. Буудуулаад амиа алдсан гэмт этгээдийн зургийг “FOX”суваг цахим хуудастаа нийтэлжээ.
Цагдаагийнхан гэмт этгээдийг тогтоохоор шуурхай ажиллаж буй юм.
Уг үйл явдлын дараахан Парисын Эйфелийн цамхаг британичуудад эмгэнэл илэрхийлэн гэрлээ унтраасан байна. Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд амиа алдагсдын гэр бүлд эмгэнэл илэрхийлжээ. Тэрбээр “Үнэхээр харамсалтай зүйл боллоо” гэж хэлсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ