Дэлхийн оддыг дуурайх ДОЛОО

“Боловсрол” суваг телевиз “Эндемол шайн” группийн албан ёсны эрхтэйгээр “Яг түүн шиг” шоуг өнгөрсөн жил Монголд анх удаа зохион байгуулсан. Тус нэвтрүүлгийн хоёрдугаар улирлын дугаарыг дөрөвдүгээр сарын 2-нөөс эхлэн телевизийн эфирээр цацахаар болжээ.
Энэ жил “Боловсрол” телезизийн 10 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд тус телевиз “Mongolian nexp top model”, “Яг түүн шиг 2” зэрэг олон сонирхолтой шоу нэвтрүүлгийг олон нийтийн хүртээл болгож буй юм.
“Яг түүн шиг” шоуны хоёрдугаар улиралд оролцож буй долооон оролцогчыг өнөөдөр албан ёсоор танилцууллаа. Харин найм дахь оролцогчын нэрийг нууцлав. Түүнийг шоуны эхний дугаараас мэдэх боломжтой аж.
Ингээд оролцогчдыг танилцуулъя. Мөн тэдний сэтгэгдлийг хуваалцсанаа хүргэж байна.
Бүх хүч чадлаа дайчилна
“Камертон” хамтлагийн дуучин Г.Мэнд-Амар
-Дэлхийн том төсөл хоёр дахь удаагаа монголд зохион байгуулагдах болсонд баярлаж байна. Би өөрийгөө сайн дуучин гэж боддоггүй. Хамтлагийнхаа гурвын ард “бөн бөн” гээд л зогсож байдаг /инээв.сур/. Гэхдээ “Яг түүн шиг” шоунд өөр төрхөөр уулзах болсондоо баярлаж байна. Бүх хүч чадал, боломжоо дайчлан тайзны шоу үзүүлэхийг хичээх болно.
Хүмүүсийн урмыг хугалах вий гэж эмээж байна
“Х түц” продакшны жүжигчин СТА Т.Бархүү
-Монголчуудыг байлдан дагуулсан шоу нэвтрүүлэгт оролцож байгаадаа баяртай байна. Баярлахын хажуугаар маш их айдас надад байна. Их олон хүн надад амжилт хүсч, дэмжинэ гэж хэлсэн. Тэр хүмүүсийн урмыг хугалахгүй хэрхэн оролцох вэ гэдэг маш том хариуцлага. Тийм учраас эмээж байна. Гэхдээ өөрийнхөө хэмжээнд энэхүү нэвтрүүлгийг хөглөж, найзуудтайгаа сайхан өрсөлдөнө.
Би хамгийн адтай нь байх болно
Дуучин А.Хишигдалай
-Залуу дуучдад өсөн дэвжих боломж олгож байгаа “Боловсрол” телевизийн хамт олонд баярлалаа. Би энэ шоунд орохыг маш их хүсэж байсан. Анхны дугаарт нь орж чадаагүй учраас дараагийн дугаарт заавал орно гэж бодсон. Хүссэн зүйлээ хийж байгаа учраас маш их хичээнэ. Оролцогч дундаас хамгийн бага нь би учраас адтай байна гэж бодож байгаа. Би “урна аа” /инээв.сур/.
Өөртөө жаахан итгэлгүй л байна
“Эмоци” продакшны жүжигчин Б.Ариунцэцэг
-Санал хүлээж аваад маш их айсан. Яагаад намайг сонгов гэж их бодсон. Одоо ч айсаар өөртөө жаахан итгэлгүй байна. Гэхдээ надад хүн итгэл хүлээлгэж намайг сонгосон. Тийм учраас яагаад чадахгүй юм бэ гэсэн эрмэлзэл төрж байна. Жүжигчин хүн хөрвөх чадвартай байх учраас тэр чадвараа үзэгчдэд харуулах болно. Хичээх болно.
Санал хүлээж аваад өөртөө итгээгүй
БНСУ-ын “Монтант” хамтлагийн дуучин С.Гантогоо
-Санал хүлээж аваад өөртөө итгээгүй. Бодох хугацаа олгооч гэж хүртэл хүссэн. Солонгост 10 жил болоод ирлээ. Эх орон минь үнэхээр гайхалтай байна. Өөрийн хүндэлж биширдэг уран бүтээлчидтэй өрсөлдөх болсондоо баяртай байгаа.
Сэтгэл догдолж байна
Төгөлдөр хуурч С.Алимаа /Ами/
Сэтгэл маш их догдолж байна. Маш чадварлаг уран бүтээлчидтэй өрсөлөх болсондоо баяртай байна. Ямартай ч чадах бүхнээ дайчилж оролцох болно.
Аль ч дүрд хувирч дуулна
Дуучин Б.Халиун
-Телевиз, камерын өмнө гараагүй удсан байна. Өнгөрсөн хугацаанд Анхаа бид хоёр гэр бүлдээ маш том уран бүтээл туурвиж гурван хүүгийн ээж, аав боллоо. Харин одоо уран бүтээлдээ эргэн орж өөрийн бие даасан цомгоо гаргаж, уран бүтээл хийнэ. Энэхүү шоунд оролцох саналыг маш баяртай хүлээж авсан. Анхны нэвтрүүлгийн дугаар бүрийг сэтгэл догдлон үздэг байсан. Маш гоё шоу. Саналыг маш баяртай хүлээж авсан шүү. Ямар ч уран бүтээл байсан би дуулж чадна гэдгээ харуулна гэж бодож байгаа.
“Яг түүн шиг” шоуны хоёрдугаар улиралд Хөдөлмөрийн баатар Д.Лувсаншаравын зээ охин төгөлдөр хуурч С.Алимаа буюу Ами оролцож байна. Мөн уран бүтээлээсээ тур хугацаанд завсарлаж гурван хүүгийн ээж болоод эргэн уран бүтээлийн ажилдаа орж буй дуучин Б.Халиун зэрэг уран бүтээлчид оролцож буйгаар онцлог юм.
Энэ удаагийн нэвтрүүлгийн дүр хувиргалтыг ОХУ-ын туршлагатай, мэргэжлийн артистууд ажилллах аж. Нэвтрүүлгийн шүүгчийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон гэдгийг зохион байгуулагчдын зүгээс хэлж байна. Шүүгчид 4-12 оноог оролцогч тус бүрт өгөхөөс гадна оролцогч өөрт таалагдсан үзүүлбэр 3 оноо өгөх өмнөх журам үйлчлэнэ.
“Яг түүн шиг 2” нэвтрүүлгийг дөрөвдүгээр сарын 2-ноос үзэгчдэд хүрэх бөгөөд 17 хоногийн хугацаанд 10 дугаар үзэгчдэд хүрэх юм байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ