Т.Бархүү: Сахалтай эрийн дүрд хувирахыг хүсч байна

“Боловсрол” суваг телевиз “Эндемол шайн” группийн албан ёсны эрхтэйгээр “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийг хоёр дахь жилдээ зохион байгуулж, ирэх дөрөвдүгээр сарын 2-ноос телевизийн эфирээр цацах гэж байна. Шоуны оролцогч “Х түц” продакшны жүжигчин, СТА Т.Бархүүтэй цөөн хором ярилцлаа.
-Шоунд оролцуулах саналыг хэрхэн хүлээж авав?
-Би хошин урлагийн тоглолтон дээр зарим хүмүүсийг дуурайж элэглэлийн ноймор үзүүлж байсан удаатай. Тийм учраас миний найз нөхөд намайг энэ нэвтрүүлэгт орооч гэдэг саналыг тавьдаг байлаа. Тэгтэл хэд хоногийн өмнө энэхүү нэвтрүүлэгт орох санал ирсэн. Би маш их гайхсан. Нэвтрүүлгийг сонирхолтой болгох үүднээс намайг сонгосон болов уу гэж дотроо бодсон. Тийм учраас надад илүү харицлага оногдож байх шиг санагдаж байна.
-Өмнө нь нэвтрүүлгийн үзэж байв уу? Нэвтрүүлгийн даалгавруудыг хэрхэн биелүүлэхээр төлөвлөж байна вэ?
-Сайн уран бүтээлчийг сайн дуурайж, үзэгчдийн таашаалд нийцсэн үзүүлбэр үзүүлэхийг л зорьж байна. Хугацаа маш давчуу. Тийм учраас хэцүү л санагдаж байна. Гэхдээ хичээнэ.
-Өрсөлдөгч нарийнхаа талаар ямар бодолтой байна вэ?
-Өрсөлдөгч нараа би өмнө нь элэглэх урлагаар жүжиглэж байхыг нь хараагүй. Үнэн хэрэгтээ энэ нэвтрүүлэгт оролцож байгаа дуучдын дуулж байхыг нь харснаас биш энэ хүнээс өөр ямар авьяас, ямар хоолой гарах вэ гэдгийг төсөөлж ч чадахгүй байна. Тийм учраас эд нараас юу л гарах бол гэхээс сонирхож, айж байна шүү.
-Найм дахь оролцогчын талаар төсөөлөл байна уу?
-Өнөөдөр найм дахь оролцогч нь тодорхой бус байгаа. Хэн байгаа нь эргэлзээтэй байгаа тэр хүнээс их айж байна.
-Танай хамтлагийн жүжигчин Н.Онон энэ жил шүүгчээр ажиллах болов уу?
-Нэвтрүүлгийн зохион байгуулагчдын зүгээс шүүгчдийн нэрийг зарлахгүй байна. Тийм болохоор хэлж мэдэхгүй юм. Манай монголчууд их харамтгай ард түмэн шүү дээ. Тиймээс Онон ах шүүгчээр ажиллавал бид хоёр хэдий нэг хамтлагт ажилладаг ч гэсэн шударга шүүнэ гэж би бодож байгаа. Бүх юм шударга байх ёстой. Угаас хэн нь хэн бэ гэдгийг тухайн өдрийн дугаар дээр үзэгчид шүүнэ. Онон ах маань харин хүмүүсийн хандлагаас болоод надад бага оноо өгчих вий гэж эмээж байгаа шүү/инээв.сур/.
-Энэ жилийн дугаарт гурван ч дуучин оролцож байна. Таны хувьд ч урын сандаа чамгүй уран бүтээлтэй байх аа?
-Дуучны хувьд бол би өөрийгөө чамладаггүй. Дуу бичүүлж явсан үе надад бий. Тэр бол миний сонирхол, хобби байсан. Гэхдээ би дуучны карьераар явах хүн биш гэдгээ мэдрээд жүжигчний карьераа илүү хөөхөөр болсон /инээв.сур/. Тэр сайхан хүсэл зоригийг минь дэмжиж тухайн үед хамтарч ажиллаж байсан бүх хүмүүст баярласнаа илэрхийлсэн. Харин энэхүү нэвтрүүлэгт эдгээр олон сайхан уран бүтээлчидтэй хамтран оролцож байгаадаа баяртай байна. Ялангуяа манай домог болсон “Boy band” хамтлаг болох “Камертон” хамтлагийн дуучин Мээдээтэйгээ хамт орж байгаадаа маш их баяртай байна.
-Аль дуучныг дуурайвал танд илүү дөхөм байх бол?
-Би хувьдаа дуурийн дуу дуулахсан гэж хүсдэг юм. Бас жүжигчин хүний хувьд сахалтай дуучид надад таараасай гэж бодож байна. Учир нь би сахал тавьж кинонд тоглохсон, эсвэл сахалтай хүн дуурайхсан гэж бодож явдаг юм. Тиймээс нэвтрүүлгийн явцад сахалтай эрэгтэй дуучин таарвал баярлана.
-“Х түц” хамтлагаар сонин юу байна?
-Бид шилдгийн шилдэг тоглолтоо хийж байна. Хажуугаар нь шоундаа оролцоно. Гэхдээ бид ачаалалтай ажиллас сурсан хүмүүс учраас үүнийг даван гарна. Хамтлагийнхандаа хэлсэн. Тэд надаас маш их зүйл хүлээж байгаа шүү л гээд байгаа. Бид энэ зун ойрын үед хийгдээгүй сэдвийг хөндөж, дэлгэцийн бүтээл хийнэ. Монголынхоо нэрийг тамгалах чадварлаг уран бүтээл хийхээр одооноос зохиолоо бичээд эхэлсэн.
Ярилцсанд баярлалаа.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ