АРДЧИЛСАН НАМЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛДӨХ ХОРООНЫ ГИШҮҮДЭД УРИАЛГА ХҮРГҮҮЛЭХ НЬ
Ардчилсан намын удирдлагууд хамтарсан Засгийн газраас гарах тухай мэдэгдэл гаргасныг намын дэргэдэх залуучуудын байгууллага болох Ардчилсан Залуучуудын Холбоо дэмжиж буйгаа илэрхийлж байна.
2008 оны УИХ-ын сонгуулийн дараа 7 дугаар сарын 1-ний хар өдөр тохиож, улс оронд сөргөлдөөнтэй байдал үүссэн. Ийнхүү улс төрийн хувьд тогтворгүй, сөргөлдөөнтэй байдал үүсээд байсан онцгой үед Ардчилсан нам тодорхой хэмжээгээр ухаалаг шийдвэр гаргаж, хамтарсан Засгийн газарт орж, ард, иргэдийнхээ ахуй амьдралыг дээшлүүлэх, улс төрийн тогтвортой байдлыг хангах, Монгол Улсынхаа хөгжил дэвшлийн төлөө хүчин зүтгэхээр болсоноороо улс оронд тогтвортой байдлыг хангасан билээ. Мөн хамтарсанаараа дэлхий нийтэд томоохон гамшиг авчирсан эдийн засгийн хямралыг харьцангуй гарз хохирол багатай даван туулж, олон жил гацаанд байсан уул уурхайн салбар, “Оюутолгой”, “Тавантолгой” төслийг эргэлтэд оруулж, улс орны эрчимтэй эдийн засгийн хөгжлийн суурийг тавьсан зэрэг олон ажлыг хийж чадсан бөгөөд Ардчилсан нам хамтарсан Засгийн газарт орж ажилласнаараа өөрт оногдсон түүхэн үүргийг хариуцлагатай, нэр төртэй биелүүлсэн гэж залуучууд бид үзэж байгаа юм.
Харин удахгүй болох УИХ-ын болон орон нутгийн сонгуульд хоёр нам улс төрийн үзэл баримтлал, ойрын хугацаанд болон Ардчилсан намаас санаачласан 2020 он хүртэлх хугацаанд монгол хүнээ хэрхэн хөгжүүлэх, улс орныхоо хөгжлийг хэрхэн төсөөлж байгаагаар мөрийн хөтөлбөрөө боловсруулан тус тусдаа оролцох нь дамжиггүй бөгөөд хамтарсан Засгийн газраас гарах асуудлаар албан ёсны шийдвэр гаргахаар Ардчилсан намын ҮЗХ-ны ээлжит хуралдаан болох гэж буй энэ цаг үед Ардчилсан нам сонгуульд амжилттай оролцож, монгол хүнээ, улс орноо хөгжүүлэх “Монгол хүн-2020” хөгжлийн хөтөлбөрөө төрийн бодлого болгон хэрэгжүүлж, ард иргэддээ эдийн засгийн эрх чөлөөг олгохын тулд хамтарсан Засгийн газраас гарах нь зүйтэй гэдэг дээр санал нэгдэж, түүхэн шийдвэр гаргахыг Ардчилсан Залуучуудын Холбооны зүгээс Ардчилсан намын ҮЗХ-ны нийт гишүүдэд хандан уриалж байна.
АРДЧИЛСАН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО
2012.01.10
СЭТГЭГДЭЛ БИЧИХ