Путин, Медведев нарыг огцрохыг шаардав

ОХУ-ын нийслэл Москва болон томоохон хотуудад авлигын эсрэг жагсаал зохион байгуулагдаж буй тухай “TASS” агентлаг мэдээллээ. Уг жагсаалыг Ерөнхийлөгч В.Путины өрсөлдөгч гэгддэг "Авлигын эсрэг сан"-г үүсгэн байгуулагч Алексей Навальный удирдан явуулсан юм.
Жагсаалын үеэр түүнийг цагдаагийнхан баривчилсан байна. Москва хотын Цагдаагийн газар “Алексей Навальный хууль бусаар жагсаал зохион байгуулж, иргэдийг өдөөн турхирсан” гэж мэдэгджээ. Тэрбээр саатуулагдсаныхаа дараа твиттер хуудастаа “Би зүгээр ээ. Жагсаалаа үргэлжлүүлсээр байх хэрэгтэй” гэж жиргэсэн аж.
Москва хотноо жагсч буй иргэд Ерөнхийлөгч В.Путин болон Ерөнхий сайд Дмитрий Медведев тэргүүтэй хүмүүсийг огцрохыг шаардаж, цагдаагийнхны эсрэг хүч хэрэглэсэн байна.
Цагдаагийнхан ойролцоогоор эсэргүүцэл үзүүлсэн 500 гаруй хүнийг баривчилжээ. Мөн жагсагчид “Путин бол хулгайч юм” гэх лоозонгоор жигдэрсэн аж.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ