Д.Мягмарсүрэн: Хүний хар нүднээс бусад нь надад бий

Өнөөдөр Олон Улсын театрын өдөр тохиож байна. Энэ өдөр жүжигчин, найруулагчийг алдаршуулахаас илүүтэй тэдний уран бүтээлийг хөглөж, өнгө будаг нэмж байдаг арын албаныхантай уулзаж ярилцахыг хүслээ. Ингээд Улсын драмын эрдмийн театрын жижиг хэрэглэлийн эрхлэгч, УГЗ Д.Мягмарсүрэнтэй ярилцсанаа хүргэж байна.
-Танд юун түрүүнд олон улсын театрын өдрийн мэнд хүргэе?
-Олон улсын театрын өдрийг тохиолдуулан нийт уран бүтээлчиддээ баярын мэндчилгээ дэвшүүлье.
-Та энэ театрт хэдэн жил ажиллаж байна вэ?
-Би театрт 47 дахь жилдээ ажиллаж байна. Манай театр У.Шескпирийн гэхэд найман жүжиг найруулан тавьж, тайзны бүтээл болгосон байдаг. Үндэсний жүжиг бол олон. Харин надад одоо 300 гаруй жүжгийн жижиг хэрэгсэл байна. Би бардам хэлэхэд төрийн шагналт, театрын ерөнхий найруулагч Н.Наранбаатарын найруулсан жүжгийн 70 хувь нь кассаар олон нийтийн хүртээл болсон бол 30-50 хувь нь маркетингийн хийж байгаа ажил гэж боддог.
-Жижиг хэрэгслүүдээс хайрладаг, нандигнадаг зүйл нь юу байна?
-Түүхийн жүжгийн жижиг хэрэгслүүдээс буу, бурхан тахилыг л хамгийн өвөрмөц, чамин гэж хэлнэ. тТийм болохоор түүхэн жүжгийн хэрэгслүүддээ илүү хайртай. Ер нь надад хүний хар нүднээс бусад нь бий. Шүдэнз гэхэд янз бүрээрээ л байна.
-Өвөрмөц юм таарвал аваад халаасалчих нь биз?
-Тэгнэ шүү. Нүдэнд чамин юм харагдвал хэрэг болно доо гэж бодохоос авчих гээд байдаг. Гэхдээ сүүлийн үед мөнгө санхүү нь шийдэгдчихвэл аливаа юм бэлэн цаг болжээ. Дээр үед манай театр жижиг хэрэгслийн цехтэй байлаа шүү дээ. Одоо цех байхгүй ч залуучууд зурж, чимэглэж л байна. Гэхдээ заавал бэлэнчлэх гээд байдаг болчихсон байна.
-Та театрын бараг гурав дахь үеийнхэнтэй хамт ажиллаж байгаа юм байна?
-Тэгэлгүй яахав. Энэ хугацаанд Цэвээнжав, Пүрэвээ, Лоовой, Мэжиддорж гуай, өөрийн үеийн Шагдаржав, Нямсүрэн, Цэцэгбалжид, Цээнямбуу, Дорлигжав, Цэвээнравдан гээд тухайн үеийн алдар цолтой бүх л хүнтэй хамтран ажилласан.
-47 жил энэ театртай ажил амьдралаа холбосон хүний хувьд театрын өмнөх, одоогийн ялгааг ажиглаж л суугаа байхдаа?
-Их л залуужиж байна даа. Тавигдаж байгаа уран бүтээл түүнд тоглож буй уран бүтээлч ч залуужиж байна. Тухайлбал “Гамлет”, “Эдип хаан” жүжгийн олон жилийн өмнөх тавилт, өнөөдрийн тавилт тэс ондоо болсон.
-Та тун саяхан урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор энгэрээ мялаасан байх аа?
-Тийм ээ. Энэ бол миний театрын хамт олны буян юм. Олон жил театрын сайхан уран бүтээлчидтэй ажилласны энерги нь надад шингэж энэ эрхэм цолыг авсан гэж бодож байна.
-Арын албаныхан 35 жилийн дараа урлагийн гавьяат зүтгэлтэнтэй болсон гэв үү?
-Манай театр арын албандаа 35 жилийн дараа УГЗ цолтонтой боллоо. Тэрнээс өмнө Цэвэгдорж, Гүрдорж гуай гээд олон УГЗ байсан. Миний хувьд ангидаа тав дахь УГЗ болж байна.
Ярилцсанд баярлалаа. Таны ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ