Нээгээгүй “хөшиг”

img

Театрын улаан хамбан суудалд тухлан,  тайзнаа өрнөх жүжгийн утга санааг ойлгохоор санаа бодлоо уралдуулж суух хачин тааламжтай. УДЭТ-ын жүжигчин СТА, Ц.Баясгалан, залуу жүжигчин Э.Тодгэрэл нарын хоршин жүжиглэх нь тун ч нийлэмжтэй юм.

 

Түүнээс гадна жүжигчдийн үг, үйлдэл бүрийг хөгжмөөр баяжуулж, үзэгдэл солигдох бүрт тэд ихэд хурдан тэс өөр стилээр хувцаслаж амжих нь даанч гайхам. Бас цаг хором бүрт тайзны нэг булангаас нөгөө рүү үсчин цовхчих жүжигчдийг тодотгох гэрэл, тэднийг алдалгүй дагах нь сонирхол татна.

 

Тэгэхээс үг үйлдэл бүрийг нь хөгжим шуумаар баяжуулдаг, үзэгдэл солигдох бүрт хувцсыг нь бэлтгэдэг, адал явдал бүрт алдалгүй дагах гэрлийг ажлуулдаг арын албаныхантай уулзахыг “Чөлөөт хос” жүжгийг үзэж суухдаа хүсэж суусан минь саяхан.

 

Харин олон улсын театрын өдөр Улсын Драмын Эрдмийн Театр гэх их “айл”-ын арын албаныхантай уулзаж, ажил мэргэлжийн онцлогыг сонжих боломж тохиов.

 

 

Театрын гоёмсог хамбан хөшиг нээгдэж, эчнээ таних жүжигчид Жульеттаг, Гамлетыг, Нацагдоржийг амилуулахыг олонтаа харсан. Харин энэ удаад нээгдээгүй хөшигний цаана ажиллаж, тод гэрэлтдэг нь биш, даруухан бүтээгч нь явсаар ирсэн уран бүтээлчидтэй танилцлаа.

 

Олон Улсын театрын өдрийг тохиолдуулан УДЭТ-ын уран бүтээлчид У.Шекспирийн “Гамлет” жүжгийг тоглохоор тайзаа хэдийнэ бэлджээ. Үзэгчдийн суудлаас тайзыг харахад бишрэм, сүрдэм харагддаг. Харин тэгтэл хажууд нь ирээд ажвал банзаар хийсэн энгийн л нэг шал, цементэн шат байх аж. Энэ нь ч урлаг үргэлж соён гэгээрүүлэх үүрэгтэйг илтгэнэ. “Гамлет” жүжигт МУАЖ Г.Мягмарнаран булшчны дүрд тоглодог. Түүний багтаж орох булшийг ч тайзнаа бүтээжээ.  

 

Тайз ямар байх, түүн дээр жүжиглэх хатан, хаан, боол зарц бүгд ямар хувцас хэрэглэлтэй байхыг театрын ерөнхий зураачид найруулагчтай хамтран гаргана.  Энэ их ажлыг гүйцэтгэдэг театрын ерөнхий зураач Т.Ганхуягийн өрөөнд орвол тэрбээр муутуу цаас, бэх бийр болон  аль нэг дүрийг амилуулахаар завгүй суух аж. Сэтгүүлчийн саваагүй асуултаас зайлсхийж, хийж бүтээснээ л өмнө дэлгэнэ. Ярих дургүй, харин ухаан бодлоо уралдуулан завгүй л суух нь тэдэнд амар. Зураачид ийм л байдаг даа. Бахархам даруухан хэр нь хамгийн гайхам сайхныг дүрсэлж байдаг. Тэрбээр “Тамгагүй төр”-өөс “Тэнгэрийн хүү” хүртэл олон жүжигт оролцсон.

 

 

Харин тайзны арын бүхий л эд хогшил, тавилга сэлтийг УДЭТ-ын тайзны механик Г.Алтангэрэл хариуцан ажилладаг. Тэрбээр энэ театрт 34 жил ажиллажээ. Тайзны заслын ажил жүжиг тавигдахын өмнөх өдрөөс эхэлдэг бөгөөд жүжиг тоглогдох өдрийн өглөө сургуулилт хийхэд бэлэн болсон байх ёстой аж. Тоглогдоогүй удсан жүжгийн тайзыг 3-4 хоногийн өмнөөс бэлтгэж, засаж сэлбэдэг гэнэ. Өвгөн механик анх 1986 онд Доржсамбуу найруулагчийн “Нора” жүжгийн тайз заслын ажилд оролцож, ажлын гараагаа эхэлсэн тухайгаа хуучлав. Тэгж л анх театрын тайз заслын ойлголттой болж УДЭТ-т хэдий нь 34 жил ажиллаж, хөдөлмөрлөсөн тухайгаа хэлж байлаа.

 

 

Театрын тайзан дээр жүжиг тавигдах бүрт болон сургуулилт хийгдэх болгонд үргэлж бэлэн байх ёстой өөр нэгэн хүн бол гэрлийн оператор СТА Р.Мөнхцэцэг. Түүний өрөөнд буйдан, бас нэг шкаф, тэгээд дууны фульт дүүрэн байх аж. Фультны хажуудах жижиг цонхоор тайз бүхэлдээ харагдана. Нэг л гэрэл алдвал жүжгийн утга санаа тэр чигтээ алдагдана. Тийм болохоор хариуцлагатай ажил гэж СТА Р.Мөнхцэцэг өөрийн ажлаа тодотгосон.

 

 

Тэрбээр 1987 онд 10 дугаар ангиа дүүргэсэн жилээ элсэлтийн ерөнхий шалгалтандаа уначихаж. Түүний энэ азгүйтэл УДЭТ-т үзвэрийн үйлчлэгчээр ажилд орох, цаашлаад 30 жил энэ театрт ажиллаж хөдөлмөрлөх завшаан болжээ. Түүнийг театрт ажилд ороход нь ах нь театрын даргаар ажиллаж байсан бөгөөд нэг л жил ажлаад дараа нь өөрийн сонирхсон мэргэжлээр ажлаарай гэж захисан аж. Гэвч дуртайдаа, сонирхолтойдоо тэр театрт үлдчихэж. Өнөө “Театрт нэгэнт ажилд орсон хүн буцаад гарч чаддаггүй юм” хэмээгээд инээж сууна.

 

Р.Мөнхцэцэг “Миний мэргэжлийн сайхан нь оюунлаг үзэгчдэд урлагаар үйлчлэх явдал. Тиймээс хариуцлагатай алдаж болохгүй. Залуу байхад алдаж, онох үе байсан. Харин одоо л сурч байна” хэмээн ярьсан.

 

 

Гэрэлтүүлгийн албанд 12 хүн багаар ажилладаг бол харин тайз, гэрэлийн албанд нийлээд 34 хүнтэй баг ажилладаг юм байна. УДЭТ хуучны барилга тул классик хэлбэрээр баригдсан учраас обой нь бараан. Тиймээс гэрэлтүүлэг нэлээд шаардагддаг бөгөөд өдөрт 150 кв эрчим хүч хэрэглэдэг тухай театрын цахилгаанч хэлсэн.

 

Үргэлж тайзны ард ажилладаг ч мэргэжлээрээ бахархдаг арын албаныхантай уулзахад ажлын арга барил, ур дуй нь хорхой хүргэм санагдав. Тэгээд анир буйдхан өрөөнд ард олныг соён гэгээрүүлэх үйлсэд хүчин зүтгэж буй эгэл уран бүтээлчдээр бахархах сэтгэгдэлтэй тэндээс буцсан юм.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ