Дохионы хэлний багшийг олноор бэлтгэвэл эрсдэлтэй

Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн суралцдаг Нийслэлийн 29-р тусгай сургуулийн сурагчид сургуулийн захиргаандаа бүх хичээлийг дохионы хэлээр заах хүсэлтээ илэрхийлж, /2017.03.27/ жагсаал зохион байгуулсан.
Энэ асуудалд хэрхэн анхаарал хандуулж буй талаар БСШУС-ын сайд Ж.Батсууриас тодрууллаа.
Тэрбээр “Сайдын тушаалаар 29-р сургууль дээр ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Ажлын хэсгийнхэн ойрын өдрүүдэд тус сургууль дээр ажиллаж, багш удирдлагатай уулзаж, тулгамдаад буй асуудалд анхаарал хандуулан ажиллана” гэв.
Тусгай 29-р сургуулийн сурагчид багш нар нь дохионы хэлний хичээл заах чадваргүйн улмаас хичээлээ бүрэн ойлгохгүй байгаа талаар хэлж байсан.
Энэ талаар сайд БСШУС-ын сайд Ж.Батсуурь “Бүх хичээлийг байнга дохионы хэлээр ярьж, заах ёстой гэдэг бол харьцангуй ойлголт юм. Боловсролын их сургууль дээр урт, богино хугацааны сургалт явагдаж, дохионы хэлний багшийг сургадаг. Үүн дээр цаашид анхаарлаа хандуулна. Дохионы хэлний багшийг дотоодод төдийгүй ОХУ-д бэлтгэх бүрэн боломж нь бий. Энэ жил 1000 шахам суралцагч бакалавар, магистр, докторын түвшинд суралцсан. Маш олон сургуульд дохионы багш шаардлагагүй. Тэгэхээр дохионы багшийг олноор бэлтгэвэл ажлын байргүй болох зэрэг эрсдэлтэй” хэмээв.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ