ТҮЦ-ийнхэн үймээн шуугиан дэгдээв

Нийслэлд нийт 1000 гаруй ТҮЦ бий. Үүний 757 нь зөвшөөрөлгүй. Тиймээс нийслэлээс зөвшөөрөлгүй байрлуулсан ТҮЦ-үүдийг албадан нүүлгэж буй. Эхэндээ ТҮЦ эрхлэгчид ТҮЦ-ийг нь нүүлгэж буй төрийнхөнтэй тэмцэж байсан бол одоо хоорондоо зөрчилдөөд эхэлжээ. Хэд хэдэн холбоо байгуулж, холбоодоо булаацалдан, хоорондоо тэмцэлдэж эхэлсэн нь Үндэсний мэдээллийн төвд зарласан хэвлэлийн хурлын үеэрх үймээн шуугианаас харагдав.
“ТҮЦ эрхлэгчдийн Түмэн холбоо”-ны тэргүүн Д.Тогтмаа нарын хүмүүс хэвлэлийн хурал зарласан ч мэдээллээ хийж чадсангүй. Учир нь ТҮЦ эрхэлдэг гэх хэсэг хүмүүс үймээн шуугиан дэгдээж, эцэстээ шүүх цагдаа болсноор эл асуудал намжив.
Өнгөрсөн 12 дугаар сард ТҮЦ эрхлэгчид нийлэн “ТҮЦ эрхлэгчдийн Түмэн холбоо”-г байгуулжээ. Тэргүүнээр нь Д.Тогтмаа гэх хүнийг томилж, өмгөөлөгч хөлслөх, үйл ажиллагааны зардалд зориулан нийт 125 хүнээс 198 мянган төгрөг цуглуулсан аж. Харин одоо Д.Тогтмаа ТҮЦ эрхлэгчдийн эрх ашгийн төлөө явахгүй, мөнгийг нь авч зугтаж, хэл амаар доромжилж буй гэсэн мэдээллийг ТҮЦ эрхлэгчдийн төлөөлөл өгөв. Д.Тогтмаагийн хамтрагч гэх Уранчимэг нь ТҮЦ-ийн байршилыг 800 000-1 000 000 төгрөгөөр үнэлж, хүмүүст зардаг. Өөрөө хороолол, Саппоро зэрэг байршлуудад 46 ТҮЦ-тэй гэсэн мэдээллийг ТҮЦ эрхлэгчид өгч, Д.Тогтмаа, Уранчимэг нараас мөнгөө нэхэж, багагүй үймээн дэгдээв.
Харин Уранчимэг “Нийслэлээс 36 ТҮЦ-тай гэж зарласан Дамба гэдэг хүн хүмүүсийг турхирч байна. Анх 12 дугаар сард ТҮЦ ачилга явагдах үед бид нийлсэн. Гэхдээ тухайн үед ийм олон ТҮЦ-тэй гэдгийг нь мэдээгүй. Харин надад 46 ТҮЦ байхгүй. Би Багшийн дээд, хороолол,Саппоро гэсэн байршлуудад дөрвөн ТҮЦ ажилуулдаг. Миний ард олон ам бүл байна. Би бас худалдагч нарыг цалинжуулж байна. Би яагаад ТҮЦ ажиллуулж болохгүй гэж” гэсэн тайлбарыг өгөв.
Д.Тогтмаа, Уранчимэг нарт мөнгөө өгч хохирсон гэх хүмүүсийн төлөөлөл Нийтийн тээврийн зогсоол дахь ТҮЦ эрхлэгчдийн холбооны тэргүүн Б.Дамба “ТҮЦ эрхлэгчдийн холбооны бүх хүмүүсээс үйл ажиллагааны зардалд 98 000, өмгөөлөгчийн зардал гээд 100 000 төгрөгийг энэ хүн өөрийн гараар хурааж авсан. Өмгөөлөгчид зургаан сая төгрөг өгөөд, үлдсэн мөнгийг нь аваад зугтчихсан. Тэгээд холбоо барихаар чиний холбоог булааж авна гэдэг.
Үнэхээр Улаанбаатар хотод ТҮЦ байх боломжгүй, хортой нөлөөтэй юм бол нөхөн олговор өгчих. Энэ хүмүүс ТҮЦ-ээ зүгээр аваагүй” хэмээн өөрийн байр суурийг илэрхийлэв.
Харин 100 гаруй хүнийг хохироосон гэх Д.Тогтмаа бүх асудулыг шүүхийн хүрээнд шийдвэрлэнэ гэдгээ хэлж байна. Тэрбээр “Дамба намайг байгууллагын мөнгө төгрөгийг идсэн гээд байгаа учраас би Баянгол дүүргийн цагдаад өргөдлөө гаргасан. Хэрэг үүсгэсэн, прокурорт шилжсэн байгаа. Харин тэр 198 мянган төгрөгийн 100 мянгыг нь өмгөөлөгчид өгсөн, санхүүгийн баримт нь байгаа. 12 сарын 2-ноос хоёрдугаар сарын 7-ныг хүртэл би энэ холбоонд ажилласан. Энэ хугацаанд бүх дүүргүүдээр явж шөнийн эргүүл хийж, ажилласан. Үлдсэн мөнгийг тэр үйл ажиллагааны зардалд зарцуулсан. Ажиллах үедээ бид ажилласан” гэсэн тайлбарыг өгсөн ч цугласан ТҮЦ эрхлэгчид бүхнийг үгүйсгэж байв.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ