Н.Уянга: Өвөл, зуны олимпийн хос алтан медальтай боллоо

Австри улсад оюуны бэрхшээлтэй иргэдийн дунд зохион байгуулдаг “Дэлхийн тусгай олимп 2017” наадам зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээний уулын цанын 50 метрийн гүйлтийн төрөлд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Дархан-Уул аймгийн “Энэрэл” сургуулийн сурагч Н.Уянга алтан медаль хүртэж, тусгай олимпийн өвлийн наадмаас анхны алтан медалийг эх орондоо авчраад байна. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Юуны түрүүн тусгай олимпийн аварга болсонд нь баяр хүргэе. Баярын сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Баярлалаа. Австри улсад зохион байгуулагдсан дэлхийн тусгай олимпийн өвлийн наадамд оролцож цанын гүйлтийн төрлөөр алт, мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна. Тусалж дэмжсэн Одгэрэл багшдаа баярлалаа. Мөн тэмцээний зардал мөнгийг хариуцсан компанийн хамт олонд баярлалаа гэж хэлмээр байна.
-Тэмцээний хамгийн хүчтэй өрсөлдөгч аль орны тамирчин байв?
-Австри улсын баг хүчтэй өрсөлдөгч байсан. Би 50 метрийн гүйлтийн төрөлд найман орны хүүхэдтэй уралдаж, түрүүлээд алтан медаль хүртсэн. Харин 100 метрийн зайд гурван хүүхэдтэй уралдаж хоёрдугаар байранд шалгарч мөнгөн медаль хүртээд ирлээ.
-Түрүүлнэ гэсэн бодол сэтгэлд чинь багтаж байв уу? Түрүүлээд барианд орох мөчид ямар сэтгэгдэл төрсөн бэ?
-Маш гоё мэдрэмж төрсөн. Өрсөлдөгч нар нэлээд хүчтэй байсан болоод ч тэр үү хамгийн түрүүнд барианд ороод үнэхээр их баярласан шүү. Ингээд л эх орныхоо нэрийг өндөрт өргөж чадлаа гэдэг бодол хамгийн түрүүнд толгойд бууж байсан. Мэдээж тамирчин хүн түрүүлнэ л гэж тэмцээнд оролцдог. Тийм учраас бүхий л хүч чадлаа дайчилж түрүүлэхийг л зорьсон.
-Уянга өмнө нь тусгай олимпод оролцож байв уу?
-Би 2014 оноос өвөл, зуны тусгай олимпод оролцож эхэлсэн. Анх 2014 онд дэлхийн зуны тусгай олимпод гүйлтийн төрлөөр оролцож алтан медаль хүртэж байсан. Мөн 2015 онд оролцож медаль хүртсэн. Нийтдээ өвөл зуны тусгай олимпоос 2 алт, гурван хүрэл медальтай болж байна. Энэ удаад өвлийн олимпоос алтан медаль хүртэж өвөл зуны олимпийн хос алтан медальтай боллоо.
-Дархан-Уул аймгийнх байх аа? Хэддүгээр ангид суралцдаг вэ?
-Тиймээ. Би Дархан-Уул аймгийн “Энэрэл” сургуулийн есдүгээр ангид суралцдаг. Тэмцээнд оролцох бүхий л боломжоор хангаж өгсөн сургуулийн хичээлийн эрхлэгч, ангийн багшдаа мөн энэ дашрамд баярлалаа гэж хэлмээр байна.
-Гүйлтийн төрлөөр хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ? Бэлтгэл сургуулилтаа хаана базааж байна?
-Би 2014 оноос гүйлтээр хичээллэж эхэлсэн. Энэ удаагийн олимпийн бэлтгэлийг Эрдэнэт хотод очиж базаасан. Манай сургуулийн Одгэрэл багш маань намайг дагуулан явж бэлтгэл хийлгэсэн юм.
-Тусгай олимпийн аварга болоод эх орондоо ирэх ямар байна вэ?
-Эх орныхоо нэрийг гаргаад ирэхэд хүмүүс маш сайхан хүлээж авч байна. Тиймээс сэтгэл санаа сайхан байна шүү.
М.Гантөмөр: Беларусь улсын тамирчин хүчтэй өрсөлдөгч байсан
Тусгай олимпийн хоёр дахь алтан медалийг 100 метрийн эрэгтэй гүйлтийн цанын төрөлд уралдсан М.Гантөмөр хүртсэн. Тэрбээр мөн 50 метрийн зайд уралдаж хүрэл медалийн эзэн болсон билээ. Түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Аварга болсонд нь баяр хүргэе.
-Баярлалаа. Би гүйлтийн цанын төрлөөр 100 метрийн зайд найман хүүхэдтэй уралдаж 19 секундын амжилтаар алтан медаль хүртсэн.
-Мөн хүрэл медаль хүртсэн. Тийм ээ?
-Тийм ээ. Гүйлтийн цанын 50 метрийн зайд 9 тамирчинтай уралдсан. Финалийн шатанд Беларусь улсын хоёр тамирчинтай тунаж үлдсэн. Улмаар хоёрдугаар байранд шалгарсан.
-Хамгийн хүчтэй өрсөлдөгч аль орных байв?
-Беларусь улсын хоёр хүүхэд маш хүчтэй өрсөлдөгч байлаа. Барианд орох мөчид бүхий л чадлаа дайчилж уралдсан даа.
-Гантөмөр хаана, ямар сургуульд суралцдаг вэ?
-Би Орхон аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны дэргэдэх хүүхэд залуучуудын хөгжлийн төвд суралцдаг.
-Гүйлтийн цанын төрлөөр хэдэн жил хичээллэж байна вэ?
-Гүйлтийн цанаар хоёр дахь жилдээ хичээллэж байна. Миний хувьд бусад хүүхдээс ялгах давуу тал нь үргэлж спортын бэлтгэлтэй байдаг. Гүйлтийн цанаас гадна усанд сэлэлт, сагсаар дөрвөн жил хичээллэж байна.
Ярилцсанд баярлалаа.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ