Улаанбаатар хотод энэ онд 7 цэцэрлэг баригдана

img

 

Улаанбаатар хотын цэцэрлэгийн нэг ангид 50 хүүхэд суралцаж байгаа тохиолдол бий. Нэг ангид хэт олон хүүхэд суралцаж буйгаас шалтгаалан багш нарын ажлын ачаалал нэмэгдэж, хүүхэд суралцах орчин бүрдэхгүй байгаа  талаар Дэлхийн банкнаас гаргасан судалгаанд тусгасан байна.

 

2017 онд Улаанбаатар хотод 7 цэцэрлэг барихаар төсөвт тусгажээ. Харин улсын хэмжээнд хичнээн цэцэрлэг баригдах талаар БСШУС-ын сайд Ж.Батсуурь “Концессийн гэрээгээр 76 цэцэрлэг барьж байгуулахаар жагсаалт гаргасан. Гэвч хараахан батлагдаагүй байна. Японы засгийн газар, Америкийн ЭСЯ-наас Ховд, Баян-Өлгий, Увс аймагт цэцэрлэг барихаар яригдаж байна. Гэхдээ шийдвэр гараад барилгын ажил эхлээгүй учраас бүрэн хэлэх боломжгүй. Мөн Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр цэцэрлэг барихаар бэлтгэгдэж байгаа. Зургадугаар сард УИХ-аар зээлийн ерөнхий хэлэлцээр батлагдвал энэ онд нэлээд хэдэн цэцэрлэгийн ажлыг эхлүүлэхээр ажиллаж байна” хэмээлээ.

 

Улаанбаатар хотод цэцэрлэгийн хүртээмж бага учраас хамрагдалт тааруу байдаг. Үүнд Монгол Улсын Засгийн газраас анхараал хандуулж сургуулийн өмнөх боловсролд хүүхдийг бүрэн хамруулах зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд энэ зорилт 80 орчим хувьтай явж байгаа аж.

 

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 150 цэцэрлэг барьж байгуулах шаардлагатай байгаа юм байна. Энэ тооны цэцэрлэг баригдвал ачаалал багасч, сургуулийн өмнөх боловсролыг чанартай олгох орчин бүрдэнэ гэдгийг холбогдох албаныхан хэлж байна.

 

Г.Тэгшсүрэн  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ