Пак Ын Хэг 2000 цагдаа хамгаалж байна

Пак Ын Хэг цагдан хорьжээ. Энэ талаар “AFP” агентлаг мэдээллээ.
Өмнөд Солонгосын анхны эмэгтэй Ерөнхийлөгчийн хувь тавилан хэрхэх нь олны анхаарлыг зүй ёсоор татаж буй билээ. Өнгөрсөн оны эцсээр Ерөнхийлөгчийг “дотны найздаа улсын нууцын зэрэглэлтэй материал үзүүлсэн хэмээн” буруутгагдаж, намын нөхдөөсөө зэмлэл хүртсэн юм. Уг хэрэг даамжирсаар Ерөнхийлөгчийг авлигын асуудалтай холбоотой болохыг прокурорууд тогтоосноор түүний эрх мэдэл “ганхаж” эхэлсэн. Тэрбээр нэр нь холбогдоод буй авлигын дуулиантай ямар ч холбоогүй гэдгээ олонтоо мэдэгдэж, ард түмнээсээ уучлалт гуйсан ч Пак Ын Хэг үзэн ядагчдын тоо цахилгааны хурдаар нэмэгдсээр байсан юм. Нийслэл Сөүл хотноо түүхэндээ анх удаагаа сая гаруй иргэн Ерөнхийлөгчөө эсэргүүцэж, жагссан билээ. Ард түмний дуу хоолой парламентад хүчтэй нөлөөлж, олонхийг саналаар Ерөнхийлөгчийг түр огцруулсан юм.
Пак Ын Хэ улстөрдөө эргэн ирэх эсэхийг зөвхөн Үндсэн хуулийн цэц шийдэх ёстой байсан. Цэцийнхэн энэ сарын 10-нд хуралдаж, Ерөнхийлөгчөө суудлаас түлхэн унагаасан билээ. Эмэгтэй хүн төрийн тэргүүн болох боломжтой гэдгийг батлан харуулсан ард түмний Ерөнхийлөгч, Хөх ордны охин, Ерөнхийлөгчийн охин, Ард түмний итгэл гэгддэг байсан Пак Ын Хэ дотны нөхрөөсөө болж хэтэрхий том эрсдэл хүлээсэн юм. Тэрбээр цэцийн шийдвэрийн дараахан Хөх ордноосоо нүүж, анх удаагаа өөрийн хүсэлтээр прокуроруудад байцаалт өгсөн.
Байцаалт 14 цаг үргэлжилсэн бөгөөд тэрбээр өөрийгөө ямар ч буруугүй гэдгээ дахин дахин илэрхийлсээр байсан юм. Прокурорууд экс тэргүүнийг 13 хэрэгт буруутгаж буй бөгөөд хамгийн багадаа 30-45 жилийн ял төлөвлөж буйгаа зарласан билээ. Ерөнхий прокурорын газар өнгөрсөн долоо хоногт Пак Ын Хэг баривчлах хүсэлт гаргасан аж. Шүүх өчигдөр уг асуудлаар хуралдсан бөгөөд Пак Ын Хэг авлига авсан, эрх мэдлээ урвуулан ашигласан хэмээн буруутгаж, шүүхийн эцсийн шийдвэр гартал цагдан хорихоор болжээ. Сөүлийн шүүхийн байранд болсон Пак Ын Хэгийн хэргийн шүүх хурал есөн цаг үргэлжилсэн юм. Улсын нууцын зэрэгтэй асуудал хэлэлцсэн учир уг шүүх хурал хаалттай болжээ.
Пак Ын Хэг Сөүлийн хорих ангид шилжүүлсэн байна. Тус улсын хуулиар Пак Ын Хэ шүүхийн шийдвэр гарах хүртэл буюу 20 хоног хоригдохоор боллоо. Шүүхийн шийдвэрээс урьтаж хорих ангиуд түүнийг байрлуулах өөрөөгөө хүртэл бэлдсэн талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байсан юм.
Түүний хоригдох өрөө бусад хоригдлуудынхаас харьцангуй том бөгөөд тусдаа угаалгын өрөөтэй аж. “Харин өрөөнөөс гаднах бүх үйл ажиллагаа бусад хоригдлуудынхтай ижилхэн” хэмээн Хууль зүйн яамнаас мэдээлжээ. Ийнхүү солонгосчууд санасандаа хүрч авлигын дуулиантай нэр холбогдсон Пак Ын Хэг төмөр торны цаана орууллаа. Мөн түүнд авлига өгсөн, туслалцаа үзүүлсэн, хамтран ажилласан, хэргийг нь нууц дарагдуулсан гэх 30 гаруй хүнийг түр саатуулаад байна. Тэдгээрийн дотор хэргийн эзэн Чой Сун Шил болон “Самсунг” компанийн өв залгамжлагч Ли Жэён байгаа юм.
Пак Ын Хэг цагдан хорьсоны дараа түүний дэмжигчид эмх замбараагүй байдал үүсгэсэн байна. Тэд цагдаа нарын эсрэг хүч хэрэглэсний улмаас мөргөлдөөн үүсчээ. Хууль зүйн яам аюулгүй байдлын улмаас Пак Ын Хэг цагдан хорьж буй байрны гадна 2000 цагдааг хамгаалалтад гаргажээ.
Тун удахгүй Данийн тал Чой Сун Шилийн охин Чун Юү-раг хүлээлгэн өгнө. Тэрбээр ирсэн даруйдаа мэдүүлэг өгөх юм. Чой Сун Шил авлига авсан мөнгөөрөө охиноо гадаадад сургасан бол “Самсунг”-ийн өв залгамжлагч түүнд нэг тэрбум воны үнэтэй хурдны морь бэлэглэсэн учир тэрбээр асуудалд ороод буй билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ