“Яг түүн шиг” шоуны эхний ялагчаар Т.Бархүү тодров

“Боловсрол” суваг телевиз “Эндемол шайн” группийн албан ёсны эрхтэйгээр “Яг түүн шиг” шоуг өнгөрсөн жил Монголд анх удаа зохион байгуулсан. Тус нэвтрүүлгийн хоёрдугаар улирлын дугаар өчигдрөөс /2017.04.02/ телевизийн эфирээр цацагдаж эхэллээ.
“Яг түүн шиг 2” шоуны эхний өдрийн дугаарын ялагчаар “Х түц” продакшны жүжигчин, СТА Т.Бархүү шалгарч 3 сая төгрөгийн эзэн боллоо. Тэрбээр эхний дугаарт СТА, дуучин Т.Дэлгэрмөрөнгийн дүрд хувирч, “Наян булаг” дууг нь дуулсан юм.
Дуучин Т.Дэлгэрмөрөн өөрийн цахим хуудаснаа "Найздаа маш их амжилтыг хүсье. Өөрийн дээлийг өгсөн минь үнэхээр оножээ. Бас гайхалтай хоолой нь үнэхээр яг л би юм шиг санагдлаа" хэмээн бичиж, өөрийн сэтгэгдлээ илэрхийлсэн байна.
Түүнчлэн “Яг түүн шиг” шоу эхлэхээс өмнө нэвтрүүлэгт оролцох долоон оролцогчыг албан ёсоор танилцуулсан хэдий ч найм дахь оролцогчыг нууцлаад байсан. Энэ оролцогч “Шар айраг” хамтлагийн ахлагч Г.Ганхүү байлаа. Тэрбээр өмнө жилийн “Яг түүн шиг” шоунд шүүгчээр ажилласан бол энэ удаад 60-70-аад оныхныг төлөөлөн залуучуудтай өрсөлдөхөөр зориг шулуудсан оролцож буйгаа нэвтрүүлгийн үеэр хэлж байлаа.
Мөн шоуны шүүгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон байна. Шүүгчийн бүрэлдэхүүнд “Х түц” продакшны жүжигчин СТА, Н.Онон, жүжигчин СТА Г.Ундармаа, урлаг судлаач, продюссер Б.Наранзун нар багтжээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ