Япон, Сөүл рүү Элчин сайдаа буцааж илгээнэ

Япон улсын Засгийн газар Өмнөд Солонгос дахь Элчин сайд болон Бусан дахь Японы ерөнхий консулыг өнгөрсөн нэгдүгээр сарын 6-нд эргүүлэн татсан. Тус улс Элчин сайдаа эргүүлэн татсан гол шалтгаан нь Японы төлөөлөгчийн газрын өмнөх сандал дээр сууж буй охины хөшөөнөөс болсон юм. Солонгосын иргэний хөдөлгөөний хэсэг гишүүн өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын эхээр тус хөшөөг Японы төлөөлөгчийн газрын өмнө байршуулсан байна.
Тэгвэл Япон улс эргүүлэн татаад байсан Элчин сайдаа Өмнөд Солонгос руу буцахаар болсон талаар “www.koreatimes.co.kr” сайт мэдээллээ. Элчин сайд ирэх пүрэв гаригт Сөүл хот дахь албан өрөөндөө очиж, ажлаа хэвийн үргэлжлүүлэхээр болжээ. Тэрбээр 84 өдрийн дараа ийнхүү Солонгост ирж буй юм.
Уг хөшөөг Дэлхийн II дайны үеэр бэлгийн боолчлолд өртөж байсан солонгос охид болон бүсгүйчүүдэд зориулан бүтээжээ. Японы Засгийн газрын хэрэг эрхлэх газрын ерөнхий нарийн бичгийн дарга Иошида Суга “Сандал дээр сууж буй охины хөшөөг Японы Консулын газрын өмнө байршуулсанаар хоёр улсын харилцаанд сөргөөр нөлөөллөө” гэсэн юм.
Дайны үеэр Японы армийнхан солонгос эмэгтэйчүүдийг хүчирхийлэн тамладаг байсан гэх асуудлаар өнгөрсөн 2015 оны хоёрдугаар сард хоёр улсын удирдлагууд уулзсан билээ. Уг уулзалтын дараа Японы Засгийн газар хохирогчдод нэг тэрбум иенийн нөхөн олговор олгохоор шийдвэрлэжээ. Японы арми дайны үед 200 мянга орчим солонгос, хятад, тайвань, индонез бүсгүйчүүдийг хүчирхийлэн тамлан зовоож байсан гэгддэг.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ