Бэлгийн дарамт үзүүлдэг багш байхгүй

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 29 дүгээр тусгай бүрэн дунд сургуулийн хэсэг сурагч сургуулийнхаа багш нарын дохионы хэлний чадварыг нэмэгдүүлэхийг шаардаж гуравдугаар сарын 27-нд жагсаал зохион байгуулсан. Үүнтэй холбогдуулан тус сургуулийн удирдлагууд мэдээлэл хийлээ.
Багш нарын дохионы хэлний чадварыг сайжруулна
29 дүгээр тусгай сургуулийн сургалтын менежер Д.Алимаа “Сурагчдын шаардлагыг ёс зүйтэй гэж үзэж хүлээж авсан. Тиймээс шаардлагын дагуу сургуулийнхаа үйл ажиллагаан дээрээ дүгнэлт хийн ажиллаж байна. Эхний ээлжинд бид багш нарынхаа мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, багш нарын дохионы хэлний түвшинг сайжруулах зорилгоор төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж байна” гэлээ.
Сурагчдын шаардлагад үндэслэн БСШУС-ын сайдын тушаалаар тус сургууль дээр ажлын хэсэг байгуулагдан долоо хоногийн хугацаатай ажилласан. Ажлын хэсэг тусгай сургууль дээр сургалт хүмүүжлийн ажил явуулж, шалгалт хийсэн байна. Харин шалгалтын үнэлэлт дүгнэлт гараагүй байгаа аж.
Багш нар бэлгийн дарамт үзүүлээгүй
Тус сургуулийн 12 дугаар ангийн сурагч Мэдээ.мн сайтад дөрөвдүгээр 1-ний өдөр өгсөн ярилцлагандаа сургуулийн залуу эрэгтэй багш нар нь эмэгтэй сурагчдад бэлгийн дарамт үзүүлдэг тухай дурьдсан байна. Үүнд тус сургуулийн нийгмийн ажилтан Р.Буянжаргал “Манай сургуульд огт ийм зүйл болоогүй. Энэ сургууль 300 гаруй суралцагчтай. Үүний 140 гаруй нь дотуур байранд амьдардаг. Дотуур байрны сурагчид маш өндөр хараа хяналтан дор амьдардаг бөгөөд үргэлж эмчийн үзлэгт хамрагддаг” гэв.
Харин өмгөөлөгч Г.Батбаяр “Гэмт хэрэг гарах орчин нөхцөл энэ сургуульд байхгүй. Тэгэхээр дээрхи сайт сургуулийн нэр хүнд гутаан доромжлогдож, сургуулийн багш, сурагчдын нэр төрд халдсан, ирээдүйд сурах хүүхдүүдийн сэтгэлийг эмзэглүүлсэн үндэслэлгүй мэдээллийг тавьсан байна. Тиймээс сургууль, сурагчид, багш нарын нэр хүндэд халдсан гэж үзэж тус сайтыг шүүхэд өгөхөөр болсон. Үнэн мөнийг цагдаагийн байгууллага тогтооно” гэлээ.
Хүүхдийг чинь сургуулиас хөөнө гэж эцэг эхийг нь дарамтлаагүй
Ярилцлага өгсөн сурагчийн эцэг эхийг 29 дүгээр сургуулийн удирдлагууд дарамталж, ярилцлагыг устгуулахыг шаардсан тухай мэдээллийг “Мэдээ.мн” сайтын сэтгүүлч хэлж байна. Үүнд сурагчийн анги удирдсан багш О.Уртнасан “Би анги удирдсан багш хүний хувьд ярилцлагыг уншсан даруйдаа эцэг эхэд нь утсаар ярьж мэдэгдсэн. Тэд ч гайхаж байсан. Тэрнээс хүүхдийг чинь сургуулиас хөөнө гэж сүрдүүлсэн зүйл байхгүй. Улмаар би “Мэдээ.мн” сайт руу холбогдож учрыг лавлахад “Эх сурвалжаа нууцална” гэдэг зүйлийг надад хэлсэн” гэх тайлбарыг хэллээ.
Харин хэвлэлийн бага хурлын үеэр сурагчаас ярилцлага авсан "Мэдээ.мн" сайтын сэтгүүлч У.Уранцэцэг “Ярилцлага авахдаа мэргэжлийн хэлмэрч орчуулагч, тухайн сургуулийн багш, сайтын зурагчин гээд нийт дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй байсан. Үүнээс гадна нэг цаг гаруй хугацаатай дуу бичлэг байгаа. Тус бичлэгт ангиа цэвэрлэхэд удаа дараа хэрэглэсэн бэлгэвч гарч байсан, эрэгтэй залуу багш нар өдрийн цагаар ангид архи үнэртүүлээд ороод ирдэг, эмэгтэй сурагчдын хүрч болохгүй газруудад дандаа хүрч бэлгийн дарамт учруулдаг, биднийг тэнэг мангар, хэлгүй дүлий гэж доромжилж байнга зоддог нэр бүхий багш нар байдаг. Мөн залуу багш нар хоорондоо анги дээр бэлгийн харилцаанд ордог гэх ноцтой мэдээллүүд бичигдсэн байгаа. Би тэрийг асуудал дэвшүүлэн хөндөн гаргасан. Тэрнээс биш үнэн гэж нотолж тавиагүй. Сэтгүүлчид аливаа зүйлд хэзээ ч эцсийн дүгнэлт гаргадаггүй. Эцсийн дүгнэлт шүүх, хуулийн байгууллага гаргадаг.
Ярилцлага нийтлэгдсэний дараа хоёр цагийн үед сурагчийн ээж надтай холбогдсон. Ингэхдээ сургуулийн захирал болон н.Уртнасан гэх ангийн багш нь холбогдоод “Танай хүүхдийг сургуулиас хасна, шүүхэд өгнө, шоронд суулгана” гээд дарамталж байна. Би хүүхэддээ ийм эрсдэл үүрүүлмээргүй байна. Нийтлэлээ аваад өгөөч гэж гуйсан. Би ч боломжгүй гэдгээ хэлсэн. Гэтэл сургуулийн удирдлагууд Сэлэнгэ аймагт амралтаараа гэр лүүгээ явсан хүүхдээс манай сайтад ийм ярилцлага өгөөгүй гэдэг бичиг бичүүлээд аваад ирсэн байсан" хэмээн ярилаа.
Тусгай 29 дүгээр сургууль 1964 онд байгуулагдсан. Тус сургуульд нийслэл болон хөдөө орон нутгийн сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй 323 суралцагч суралцдаг. Энэ хичээлийн жилд суурь боловсролыг 10 сурагч, бүрэн дунд боловсролыг 19 сурагч эзэмшхээр бэлтгэгдэж байгаа аж.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ