Ц.Түмэнцогт: Итгэлцэл дээр суурилсан хамтын ажиллагааг бэхжүүлнэ

img

Монголын уул уурхайн хамгийн том бөгөөд хамгийн чухал арга хэмжээ болох “Mongolia Mining” 2017 олон улсын үзэсгэлэн өнөөдөр Буянт-Ухаа спортын ордонд нээлтээ хийлээ.  Долоо дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа уг үзэсгэлэнд нийт 130 гаруй дэлхийн шилдэг компаниуд оролцохоор иржээ.   Үзэсгэлэнд уул уурхай, газрын тосны олборлолт, хайгуулын компаниуд, ханган нийлүүлэгчид, үнэлгээ консалтингийн компаниуд, хөрөнгө оруулагчид, банк санхүүгийн болон бизнесийн байгууллагууд оролцож байна.

 

Үзэсгэлэнгийн нээлтэд   “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт, МҮХАҮТ-ын дарга Б.Лхагважав  нар оролцов.

 

 Монголын уул уурхайн компаниудын хамгинй том нэгдэл болох “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт үг хэлсэн үгэндээ:

 

-“Mongolia Mining”  экспо бол  уул уурхайн салбарын технологийн шинэ шийдэл, хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны талбар юм. Салбарын эрхзүйн орчин сайжирч,  уул уурхайн экспортын гол түүхий эдийн үнэ ханш  20-60 хувь өсөж, боловсруулалт үйлдвэрлэлт, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн хэрэгцээ шаардлага  нэмэгдэж  байгаа энэ цаг үед зохион байгуулагдаж байна.

 

Монгол Улсын Засгийн газраас эдийн засаг, нийгэм, хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, харилцан ашигтай хөрөнгө оруулалт болон томоохон төсөл хөтөлбөрүүдийг дэмжин ажиллах байр сууриа илэрхийлсэн нь хөрөнгө оруулагчдад бизнесийн таатай орчинг бүрдүүлж, урт хугацаанд тогтвортой хамтран ажиллах бодит боломжийг бүрдүүлээд байна. Улс орны эдийн засгийн хөгжлийн нэн хариуцлагатай үед “Эрдэнэс Монгол” компани нь үндэсний хөрөнгө оруулалтын компанийн хэмжээнд Та бүхэнтэй харилцан ойлголцсон, итгэлцэл дээр суурилсан хамтын ажиллагааг бэхжүүлэхийг чухалчилж байна хэмээлээ.

 

Уг үзэсгэлэнгийн үеэр “Эрдэнэс  Монгол” болон охин компаниудын удирдлагууд Австралийн уул уурхайн технологийн компаниудын төлөөллийг хүлээн авч, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар танилцуулга хийж, хамтран ажиллах санал солилцсон юм.

 

Мongolia Mining 2017 олон улсын үзэсгэлэнгээс дэлхийн техникийн хөгжлийн чиг хандлага, уул уурхайн салбарын сүүлийн үеийн техник, дэвшилтэт технологитой танилцах боломжтой. Тус үзэсгэлэнд 16 орны 130 орчим компани оролцож байна.  “Эрдэнэс Монгол”  болон “Оюу толгой” , “Эрдэнэс Тавантолгой”, “Багануур”, “Шивээ Овоо”  зэрэг компаниуд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, худалдан авалтын журмын талаар танилцуулга хийж, холбогдох мэдээллийг өгч байна. Тус үзэсгэлэн 4 дүгээр сарын 5-7-ны өдрүүдэд Буянт Ухаа спортын ордонд гурван өдрийн турш үргэлжилнэ.

 

 Дашрамд дуулгахад “Эрдэнэс Монгол” ХХК байгуулагдсаны 10 жилийн ой энэ онд тохиож байгаа юм байна. Өнгөрсөн хугацаанд сайн засаглалыг хөгжүүлэх, бие даасан үйл ажиллагааны тогтолцоог хэвшүүлэх, бизнесийн зарчмаар ажиллах бодлогыг баримталж ажиллажээ.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ