Манай хоёр боксчин хүрэл медалийн болзол хангав

Боксын уламжлалт Тайландын эзэн хааны цомын тэмцээн Бангкок хотноо гурав дахь үргэлжилж байна. Тэмцээнд манай улсын долоон боксчин оролцож байгаа юм.
Манай тамирчдаас эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинд тулалдаж буй МУГТ Д.Отгондалай, -49 кг-ын жинд тулалдаж байгаа ОУХМ Г.Ган-Эрдэнэ нар хүрэл медалийн төлөөх тоглолтод өрсөлдөгчөө ялж, мөнгөн медалийн төлөө тулалдахаар болжээ.
МУГТ Д.Отгондалай Тайландын Ружакран Жунтронгыг 5:0 харьцаагаар буулган авч хүрэл медалийн болзол хангав. Харин хамгийн хөнгөн буюу 48 кг-ын жинд Г.Ган-Эрдэнэ Кубын Хорхе Алехандро Грина Мертэй тулалдаж 5:0 харьцаагаар ялалт байгууллаа. Тэд өнөөдөр мөнгөн медалийн төлөө тулалдана.
Тэмцээний 64 кг-ын жинд тулалдсан ОУХМ Б.Чинзоригийн хувьд Тайландын Вуттичай Масуктай тулалдан илт давуу тоглосон боловч ялагдал хүлээлээ. Тайландын В.Масук хөмсөг нь задарч, хоёр ч удаа эмчийн тусламж авсан байна.
Тэмцээний эхний өдөр МУГТ Д.Отгондалай, ОУХМ Г.Ган-Эрдэнэ, ОУХМ Б.Чинзориг нар өрсөлдөгчөө ялж дараагийн шатанд шалгаран үлдсэн. Харин бусад дөрвөн тамирчин өрсөлдөгчдөө ялагдан тэмцээнээ дуусгасан юм.
"Эзэн хаан-"-ы цомын тэмцээн дөрөвдүгээр сарын 2-10-нд Бангкок хотноо үргэлжилнэ. Шигшээ багийг ерөнхий дасгалжуулагч МУГД Д.Батсүрэн, Ардын багш, МУГД Д.Банди, Н.Мөнхсайхан нар удирдаж байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ