”Номин” их дэлгүүрийн тааз нурж, хүн гэмтжээ

img

Баянгол дүүргийн 14 дүгээр  хороонд үйл ажиллагаа явуулдаг “Номин фейшн” ХХК-ийн “Номин" их дэлгүүрийн бэлэн хувцасны /Теранова/ тасагт барилгын тааз нуржээ. Барилгын дүүжин тааз нурах үед ажилтан Ж.У болон үйлчлүүлж байсан нэг хүн гэмтсэн байна. Тэд зөөлөн эдийн гэмтэлтэйгээр Гэмтэл согогын  судлалын үндэсний төвд эмчлүүлж байна. Биеийн байдал дунд зэрэг байгаа аж. 

 

 

Тус газарт Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч М.Ууганбаатар, Д.Цэцэгбадам, Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б.Жаргал нар ажиллаж, шалтгааныг тодруулсан байна. Улсын байцаагч нар “Номин фейшн” ХХК-ийн үйлчилгээний зориулалттай 1 давхар барилгын угсармал төмөр бетон нүхт хавтан хучилтад бэхэлсэн гипсэн дүүжин таазны төмөр рамыг стандартын дагуу угсраагүй, бэхэлсэн бэхэлгээг зориулалтын бус аргаар бэхэлсэн, чанарын шаардлага хангаагүй материал /тэлэгч боолт/ ашигласан байна.

 

Энэ нь ашиглалтын хугацаанд олон тооны гэрэл дүүжилсэн, гипсэн таазны өөрийн жинг дийлэхгүй байсаны улмаас бэхэлгээ хэсгээрээ суларч унасан нь осол гарахад нөлөөлсөн гэсэн дүгнэлтийг хийжээ. 

 

Тиймээс“Номин фейшн” ХХК-ийн “Номин их дэлгүүр”-ийн бэлэн хувцасны /Терранова/ тасгийн үйл ажиллагааг улсын ахлах байцаагчийн 02-06-038/146 тоот актаар хэсэгчилэн зогсоосон байна. 

 

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ