Сармагчны сүрэгтэй хамт амьдардаг байсан охиныг ойгоос олжээ
2017-04-07

 

Энэтхэгийн цагдаагийнхан ширэнгэн ойд сармагчны сүрэгтэй хамт амьдардаг байсан охиныг олсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Цагдаагийнхан охиныг сураггүй алга болсон хүүхдүүдийн мэдээлэлтэй тулган, таниулах ажлыг эхлүүлсэн болохоо сэтгүүлчдэд мэдэгджээ.

 

Охин ярьж чаддаггүй бөгөөд ойролцоогоор 10-12 настай гэв. Охин Бахрайч хотын төв эмнэлэгт эмчилгээ хийлгэж байна. Тус эмнэлэгийн эмч “Охин эмнэлэгт анх ирэхдээ яг л амьтан шиг аашилж байсан. Тэр хаа таарсан газраа бие зассаж, орон дээр бус газар унтаж, хоолоо гараараа иддэг байсан” гэж ярьжээ.

 

Эмч нар олон хоног охиныг эмчилж, хэрхэн биеэ авч явах, хооллохыг амжилттай зааж өгчээ. Одоогоор охин ярихгүй байгаа бөгөөд шинжилгээгээр “ямар нэгэн архаг өвчин байхгүй” гэж гарчээ.

 

 

Ширэнгэн ойд мод бэлтгэж байсан хэсэг иргэн охиныг анх олж, цагдаагийнханд мэдээлэл өгсөн байна. Нүцгэн охиныг харсан иргэд цагдаагийнханд дуудлага өгч “Охины гараас барих гэтэл сармагчингууд эсэргүүцэл үзүүлж, бидэн рүү чулуу зэргийг шидсэн” хэмээн мэдээлэл өгчээ.

 

 

Уг дуудлагын дагуу цагдаагийнхан ширэнгэн ойд очиж, охиныг эмнэлэгт хүргэсэн байна. Охин хэзээнээс хойш ширэнгэн ойд амьдарсан нь тодорхойгүй байгаа аж. “Охинд шаардлагатай эмчилгээ хийсний дараа гэр бүл нь олдох хүртэл хүүхдийн асрамжийн газарт байршуулахаар болсон” хэмээн  Бахрайч хотын Цагдаагийн дарга мэдэгджээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин