29 дүгээр сургуулиас хүчирхийлэлтэй холбоотой зөрчил илрээгүй

Нийслэлийн 29 дүгээр тусгай сургуулийн 12 дугаар ангийн сурагч Мэдээ.мн сайтад дөрөвдүгээр 1-ний өдөр өгсөн ярилцлагандаа сургуулийн залуу эрэгтэй багш нар нь эмэгтэй сурагчдад бэлгийн дарамт үзүүлдэг тухай дурьдсан байдаг. Энэ мэдээллийн дагуу БСШУСЯ-ны ажлын хэсгээс тус сургуульд шалгалт явуулжээ. Шалгалтаар тус сургуульд бэлгийн дарамт, хүчирхийлэлтэй холбоотой ёс зүйн алдаа урьдчилсан байдлаар тогтоогдоогүй байна.
Бэлгийн дарамт үзүүлдэг багш байдаг эсэхийг болон тус сургуульд хүчирхийлэл үйлдэгддэг үгүйг тогтоохдоо нийт багш нар болон сурагч, эцэг эхийн төлөөлөлтэй уулзаж, саналга асуулга бөглүүлсэн байна. Мөн ярилцлагын аргаар үүссэн нөхцөл байдлыг тодруулсан аж.
Санал асуулга болон ярилцлагын үр дүнд тус сургуульд багш нарын ёс зүйтэй холбоотой зөрчил байж болзошгүй гэдэг дүгнэлтийг гаргажээ. Гэвч урьдчилсан байдлаар бэлгийн дарамт болон хүчирхийллийн зөрчил нотлогдоогүй байна.
Энэ талаар БСШУС-ын яамны боловсролын газрын дарга Д.Эрдэнэчимэг “Тусгай 29 дүгээр сургуулийн сурагчын ярьсан бэлгийн дарамттай холбоотой асуудалд яамны зүгээс онцгой анхаарал хандуулан ажиллаж байна. Ажлын хэсгийн урьдчилсан дүгнэлтээр энэ төрлийн дарамт, хүчирхийллийн шинж тэмдэг илрээгүй. Цаашид тус сургууулийн багш нарын ёс зүйн асуудлыг нарийвчлан судална. Тус сургууль үнэн мөнийг тогтоолгохоор шүүхэд хандсан. Шүүх үнэнийг тогтооно. Үнэхээр ийм зөрчил байгаа эсэхийг нотолсны дараа арга хэмжээг авна” хэмээв.
Санал асуулга авахдаа жагсаалд оролцсон 12 сурагчын гурвынх нь эцэг эхтэй ярилцсан бөгөөд амралт таарсан учраас тус сургуульд суралцдаг гурван сурагчтай ярилцсан аж. Харин сургуулийн бүх багш нараас санал асуулга авсан байна.
Ярилцлага өгсөн сурагчийн эрхийг хамгаалах, аливаа дарамт шахалтаас хэрхэн хамгаалах талаар “Сурагч хохирогч болох ёсгүй. Мөн багш нарын итгэл сэтгэл гундах ёсгүй. Бид асуудлыг бодитоор харж асуудлыг шийднэ” гэв.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ