Б.Гэрэл: Наран ургах зүгээс аялан тоглолтоо эхэлнэ

img

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид аялан тоглолтоо орон нутагт зохион байгуулах гэж байна. Үүнтэй холбогдуулан тус театрын маркетинг, олон нийттэй харилцах албаны ахлах менежер МУСТА Б.Гэрэлтэй ярилцлаа.

 

 

-Энэ удаад УДЭТ-ын уран бүтээлчид аль аймаг руу хүлгийн жолоо залах гэж байна вэ?


-Монгол улсын төрөөс соёлын урлагийн  талаар баримталж буй бодлого, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  төвийн болон орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 2002 оноос хойш УДЭТеатрын өдрүүд аялан тоглолтыг зохион байгуулж ирсэн. Энэхүү аялан тоглолт маань хөдөө орон нутгийн үзэгч олон түмний талархлыг хүлээсээр ирсэнд олзуурхдаг. Аялан тоглолтоо аймаг орон нутгийн дэмжлэгийг авч ЗДТГ-тай хамтран хэрэгжүүлдэг юм. Бид жил бүр намрын аялан тоглолтыг 1-2 аймагт зохион байгуулдаг. 2014 оноос эхлээд томоохон хот, аймагт тухайн жилийн шинэ уран бүтээлээрээ хаврын аялан тоглолт зохион байгуулж эхэлсэн. Тэгэхээр театрын хамт олон намрын аялан тоглолтоо алслагдсан аймагт, хаврын аялан тоглолтоо томоохон хот, сууринд тоглож байхаар тогтоод байгаа. Энэхүү ажлаа уламжлал болгон энэ  2017 оны хаврын аялан тоглолтоо Дорнод, Дархан, Эрдэнэт аймагт зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Дорнод аймгийн Чойбалсан хотод дөрөвдүгээр сарын 21-23-нд, Дархан хотод дөрөвдүгээр сарын 28-30-нд, Эрдэнэт хотод тавдугаар сарын 2-4-нд тус тус айлчлан тоглоно.

 

-Эдгээр аймагт өмнө нь тоглож байв уу? Энэ аймгуудад яагаад аялан тоглохоор болов?

 

- Дэлхийн сонгодог томоохон бүтээлийг тоглох учраас зах зээлийн эрэлт хэрэгцээ, хүн амын суурьшил, нягтаршил, хүртээмж зэргийг харгалзан үзэж тоглох болсон. Нөгөөтэйгүүр дэлхийн болон үндэсний сонгодог томоохон жүжгийг тоглож болохуйц круг эргэдэг тайзтай байх шаардлагатай. Энэ бүгдийг бодолцож уг аймаг хотуудыг сонгосон. Мөн бид сошиал  хуудсаар дамжуулан үзэгчдийн дунд эрэлтийн судалгаа явуулсан. Уг судалгаагаар Дорнод аймгийн үзэгчид манай аймагт хүрэлцэн ирж тоглооч гэдэг хүсэлтийг илүү ирүүлсэн байсан, тэгээд Эрдэнэт, Дарханыхан маань.  Тиймээс бид энэ хаврын аялан тоглолтоо Дорнод, Дархан, Эрдэнэт аймагт зохион байгуулахаар болсон. Харин ирэх намрын аялан тоглолтоо Завхан Хөвсгөлд хийх төлөвлөгөөтэй байгаа.

 

-Аялан тоглолтоо аль аймгаас эхлэх вэ?

 

- Наран ургах зүгийн Дорнод аймгаас аялан тоглолтоо эхлэх гэж байгаа учраас нэлээд бэлэгшээж байгаа. Энэ аймагт бид өмнө нь 2014 онд театрын аялан тоглолтыг зохион байгуулсан. Энэ дашрамд аймгийн ЗДТГ болон хамтран ажилласан байгууллагуудад талархаснаа илэрхийлмээр байна. Тухайн үед  шинээр тайзны бүтээл болсон “Бүүвэй” уянгын драм, “Хэлж зүрхлээгүй хайр” орчин үеийн жүжиг, “ Эхнэрээ зээлээч”инээдмийн жүжижг, “Онц сурлагатанууд орохыг хориглоно”  хүүхдийн жүжиг зэрэг бүтээлүүдээ толилуулж байсан. Харин энэ жилийн хувьд 2015 онд шинээр тайзны бүтээл болсон Уилъям Шекспирийн “Ромео Жульетта” жүжгээ бүрэн бүрэлдэхүүнээр очиж тоглохоор боллоо. Түүний зэрэгцээ энэ жил шинээр тайзын бүтээл болсон Ч.Баяраа, Б.Хишигзаяа “Царцаа Намжил” хүүхдийн жүжгээ Дорнодын үзэгч түмэндээ  толилуулах гэж байна. Энэ бол орон нутгийн үзэгчдэд барьж буй  бэлэг, оюуны том хөрөнгө оруулалт гэж бид үзэж байгаа.

 

-Энэ удаагийн аялан тоглолтод хичнээн уран бүтээлч оролцох вэ?

 

-Аялан тоглолтын бүрэлдэхүүн менежментийн баг, үндсэн баг гэсэн хоёр хэсэгт хуваагдана.  Энэ удаагийн Дорнодод хийх аялан тоглолтын ахлагчаар СТА, жүжигчин Г.Эрдэнэбилэг, уран сайхны удирдагчаар СТА жүжигчин С.Болд-Эрдэнэ нар ажиллана. Нийтдээ 24 жүжигчин, бусад нь арын албаныхан явна. Аялан тоглолтын зөвлөлийн бүрэлдэхүүн гэж байдаг. Энэ бүрэлдэхүнд жүжигчин Эрдэнэбилэг, уран сайхны удирдагч Болд-Эрдэнэ, аялан тоглолтын найруулагч Идэрболд, менежер миний бие багтаж байгаа. Менежментийн /удирдлагын/  багийнхан маань ирэх лхагва гарагын өглөө хөдөлнө. Бид долоо хоногийн өмнө очиж аялан тоглолтын маркетингаа хийж тоглолтын бүх бэлтгэлийг ханган ажиллана.  Харин уран бүтээлчид маань  Улаанбаатар хотоос 20-ны өглөө үүрээр хөдөлнө. Дорнодод 21-23 нд  тоглож  хотод ирээд нэг хоноод л  Дархан, Эрдэнэт хот рүү явна даа. Дархан, Эрдэнэт хотуудад Ш.Гүрбазар  “Жаргаагүй нар”, Ч.Баяраа, Б.Хишигзаяа “Царцаа Намжил” жүжгийг тоглоно.

 

-Орон нутагт 50 хувийн хөнгөлөлттэй үнээр тоглоно гэсэн үү?

 

-Бид ашиг орлого олохыг чухалчилдаггүй. Орон нутгийн зон олонд оюуны хөрөнгө оруулалт хийхийг зорилгоо болгодог. Тиймээс 50 хувийн хөнгөлөлттэй үнээр жүжгээ тоглоно.Энэ бидний Дорнодчууддаа барьж байгаа бэлэг.  Хөнгөлөлттэй үнээр дэлхийн сонгодог томоохон бүтээл болох “Ромео Жульетта” жүжгийг өөрийн аймгийн тайзан дээрээс тольдох боломж гарч байна. Мөн үндэсний үлгэрээс сэдэвлэсэн “Царцаа Намжил” хүүхдийн жүжгийг тоглоно. Тиймээс Чойбалсан хотын иргэд та бүхнийгээ театрын урлагаар амьсгалж хайртай уран бүтээлчидтэйгээ дэлхийн сонгодог болон үндэсний хүүхдийн  бүтээлүүдээр нь танилцах энэхүү сайхан боломжийг алдалгүй оюундаа хөрөнгө оруулалт хийхийг  урьж  байна.

 

 

-“Тоглолтын дараа” гэх үзэгч, уран бүтээлчийн уулзалт иргэдэд ихэд таалагддаг. Орон нутагт энэ арга хэмжээг зохион байгуулах уу?

 

-Бид дан ганц тоглолт хийгээд явдаггүй. Давхар драмын урлагийг сурталчлан түгээн дэлгэрүүлэх үүднээс томоохон аж ахуй нэгж байгууллага, ИДСургууль, ЕБСургууль, МСҮТөв зэрэг газруудад уран бүтээлчдийн уулзалтыг зохион байгуулдаг. Уулзалтаас гадна тухайн орон нутгийн төв талбайд нээлтийн арга хэмжээг зохион байгуулдаг. Манай театрт хамтлаг дуучид бас байдаг. Жишээ нь: Драм-4, Драм-3 хамтлагуудаас гадна дуучин Нармандахм зэрэг.  Эдгээр уран бүтээлчид маань  уг арга хэмжээнд ая дуугаа өргөж, цомхон шоу арга хэмжээ болдог. Үүгээр үзэгч, уран бүтээлч илүү ойр дотно танилцах боломжийг олгодог юм. Уран бүтээлчтэй хамтдаа дуулна, бүжиглэнэ, зургаа авхуулна, гарын үсгийг нь авна. Үүнд орон нутгийн иргэд ихэд таатай ханддаг шүү.

 

-Театрын уран бүтээлчид сумдад тоглож байв уу?

 

-Бид хоёр жилийн өмнө Өвөрхангай, Баянхонгор аймагт аялан тоглолт зохион байгуулж байхдаа аймгийн төвөөсөө 170 км зайд оршдог Баянхонгор аймгийн Бууцагаан суманд очиж “Чөлөөт хос” жүжгийг тоглож байсан. Уг жүжиг маань цөөн хүний бүрэлдэхүүнтэй учраас гурван жүжигчин, арын албаны цөөн хүн нийлээд 8 хүн “Starex машинд тайз, хэрэглэлээ ачиж багтаад л очиж тоглож байсан даа. Өнгөрсөн жил Эрдэнэтэд аялан тоглолт хийгээд буцах замдаа Хөтөл,Шарын гол,  Номгон зэрэг сумдад тоглож байсан удаатай.

 

-Энэ удаад сумдад тоглох уу?

 

-Энэ удаад Дорнод руу бол шууд явахаар төлөвлөж байгаа хол учраас. Харин Дархан Эрдэнэтэд тоглоод буцахдаа Хөтөл, Шарынгол, Жаргалант,Чандмань зэрэг сумдад тоглох бодолтой байгаа.

 

-Тайзаа ачаад явдаг гэхээр сонирхолтой юм.

 

-Бидний уран бүтээл панограмм тавиад л дуу дуулахаас өөр. Драмын уран бүтээлийг тоглохын тулд тайзны том бүтээн байгуулалтыг бүгдийг нь авч явна. Тэгж байж жүжгийн чанар алдагдахгүй. Мөн жүжигчний хувцас, жижиг хэрэглэл бүгдийг авч явдаг. Гэрэл, дуу шумны техник, тоног төхөөрөмжөө  бас авна. Уран бүтээлчдийн  автобусаас гадна ачааны 2 машин ирэн бидний араас.

 

-Олон машины шатахуунд өндөр өртөг зарцуулдаг байх даа?

 

-Шатахуунд хамгийн их зардал зарцуулдаг. Одоогийн зөвхөн Дорнодын аялан тоглолт гэхэд л ирэх, очиход нийтдээ 1400 орчим километр газар явна. Энэ удаагийн аялан тоглолтын шатахууны зардалд “Тэс Петролиум” ХХК дэмжлэг туслалцаа үзүүлэн хамтран ажиллаж байна. Театрынхаа хамт олны нэрийн өмнөөс талархал илэрхийлье.  Энэ дашрамд энэхүү аялан тоглолтыг аймгийн ЗДТГ болон Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсрол соёлын газар, аймгийн Хөгжимт драмын театр, “Дорнод медиа групп” дэмжин ажиллах болсонд театрынхаа хамт олны өмнөөс мөн талархлаа илэрхийлье.

 

-Мэргэжлийн урлагийн байгууллагаас танай театрынхан л аялан тоглолтоор идэвхитэй явдаг шиг санагддаг?

 

-Зөвхөн манайх биш бусад театр чуулгын уран бүтээлчид тоглолтоор явдаг юм. Гэвч жил бүр байнгын уламжлал ажил болгон жигдэрсэн нь манай театр л юм болов уу гэж боддог. Эдийн засаг хямарсан ч тэр бүгдийг умартаж оюунд түүчээлэх эрхэм үүргээ бодолцож аялан тоглолтоо алгасахгүй зохион байгуулдаг даа. Театр хагас цэргийн зохион байгуулалттай байгууллага  өглөө эрт 03.00 цагт хөдөлнө гэсэн дуудлага гарсан л  бол тухайн цагтаа бүгд цуглаад л хөдөлдөг.

 

-Та анх драмын театрт ороод аялан тоглолтоор хаашаа явж байв?

 

-Би хамгийн анх театрт 2004 онд ажилд орж байсан. Би хамгийн анх АЖ, П.Цэрэндагва ахтайгаа онгоцонд суугаад л Завхан руу тоглолтын бэлтгэл хангах ажлаар явж байлаа даа. Их том үүрэг хүлээсэн гэж эмээж байснаа санаж байна. Том уран бүтээлчээсээ бас сүрдэж байлаа. Дагваа ах маань маш сайхан түшиг тулгууртай нөлөөтэй сайхан уран бүтээлч. Түүнтэй явахад бүтэхгүй ажил байхгүй. Орсон байгууллага хамт олон бүр  дээшээ суулгаж хүндлээд л.Бид тэгээд аялан тоглолтоо амжилттай зохион байгуулсан.

 

-Та өөр аль аль аймгуудад аялан тоглолтоор явж байв?

 

-Би ажилд орсноосоо хойш Дорнод аймгаас бусад бүх аймгаар аялан тоглолтоор явжээ. Одоо Дорнодод тоглосноор Монгол эх орныхоо бүх аймагт аялан тоглолтоор айлчлан очсон байна. Энэ бол театрын маань буян. Миний сайхан мэргэжлийн буян. Ийм болохоор би өөрийн ажил мэргэжилдээ дурласан хүн дээ.

 

 

Ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн олз омог арвин байг.

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Solongos uls mongold har uhaanaar oirhon
2017-04-09
huurhii doo yamai daa:
UUL NI SAIHAN L AJIL SANJ DEE .DEER UEIIN SAIHAN MALCHID UGUI BOLSON MANGARUUD NI UZEHGUI BJ ALAH VII DEE TEGSNEE HALTAR HEDEN DUUCHIN OCHIHOOR HUURUUD SUID BOLNO.
2017-04-08