“Жи тайм” компанийн ерөнхий захирал М.Маратыг баривчлан Мөрдөн байцаах газрын хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Мөн уг компанийн үйл ажиллагааг зогсоож, тус компанийн сүлжээнд нэгдэж хохирсон иргэдийн өргөдөл гомдлыг Улсын мөрдөн байцаах газарт хүлээж авч байгаа юм. Гэтэл тус компанийн сүлжээ бизнест нэгдсэн зарим иргэн өнөөдөр мэдээлэл хийж компанийн үйл ажиллагааг хэвийн явуулахыг төр засгаас шаардав.
Бүгд Найрамдах Казахстан Улсын иргэн Маженов Марат нь Монгол Улсад 100 хувийн хөрөнгө оруулалтаар “Жи Тайм” компанийг үүсгэн байгуулсан. Уг компаниар дамжуулан Монгол Улсад олон улсын пирамид хэлбэрээр олон мянган хүнийг элсүүлж мөнгө угаах аргаар залилан хийсэн болохыг цагдаагийн байгууллагаас тогтоосон. Улмаар М.Маратыг хоёрдугаар сарын 17-ны өдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас хил гарах гэж байхад нь баривчлан саатуулсан юм.
Саатуулснаас хойш хоёр сарын хугацаанд нэг ч иргэний хохирлыг цагдаагийн байгууллагаас барагдуулаагүй гэдгийг хэвлэлийн хуралд оролцогчид хэлж байна.
Тэд “Жи тайм” компанид гишүүнээр элсссэнээр өөрийн амьдралаа дээшлүүлэхээс гадна улс эх орондоо хөрөнгө оруулах боломж нь нээгдсэн учраас сонгож элссэн. Үүнд нэгдсэнээр монголд мөнгөтэй байж болох боломж нээгдсэн учраас олон хүн хөрөнгөө барьцаалж зээлж авсан. Гэтэл энэ компанийн үйл ажиллагааг зогсоосон хоёр сарын хугацаанд гэр бүл салахад хүрч байна. Зарим нь амиа хорлоход хүрээд байна. Энэ бүхэнд “Жи тайм” компаниас шалтгаалсан буруу гэж байхгүй гэж бид үзэж байна. Хийж чадсаныг нь үнэлж дүгнэж чаддаг компани. Болохгүй зүйл хийсэн хүн байсан байх. Энэ бүгдийг ялгаж шалгаж, цаашид үйл ажиллагааг нь хэвийн үргэлжлүүлэхийг ард түмэн хүсч байна” хэмээж байлаа.
Уг компанид манай улсын 12 мянган иргэн нэгдсэн байдаг. Үүнээс 600 мянган гишүүн нь үндсэн цалин болон шагнал урамшууллаа авсан тухай хэвлэлийн хуралд оролцогчид хэлж байна. Одоогоор “Жи тайм” компанийн 6 тэрбум 700 сая төгрөг, 2 тэрбум төгрөг буюу 40 тонн барааг битүүмжлээд байгаа аж.
Хэвлэлийн хуралд оролцсон гишүүд “Жи тайм” компанид итгэж болох баталгаа, нотолгоог нь үндэслэж гишүүнээр элссэн. Тийм учраас үйл ажиллагаа нь хэвийн явагдаж, 3-6 мянган иргэний амьдралыг дээшлүүлж байсан компанийг хэлмэгдүүлж үйл ажиллагааг нь зогсоосон. Одоо энэ хэлмэгдэлтээ зогсоож компанийн үйл ажиллагааг хэвийн явуулахыг төр засгаас шаардаж байна. Шаардлагыг хүлээж аваагүй тохиолдолд дараа дараагийн арга хэмжээг авна. Талбай дээр өөрийгөө шатаахад ч бэлэн байна. Ард түмэн маш их бухимдаж амиа хорлоход хүрээд байна. Хоолоо булаалгасан бид юу ч хийхэд бэлэн байгаа” гэдгээ мэдэгдлээ.
Харин цагдаагийн байгууллагаас “Жи тайм” сүлжээнд нэгдэн хохирсон иргэдийн дунд компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Компанид гомдлоо гаргасан даруйд цалин мөнгийг нь олгоно. Харин цагдаагийн байгууллагад гомдол гаргавал мөнгөө олж авч чадахгүй гэдэг буруу ташаа мэдээлэл тархсан. Энэ нь худал болохыг, иргэдийг зохион байгуулалттайгаар төөрөгдүүлж байгааг Цагдаагийн байгууллагаас анхааруулж, хохирсон ард иргэдийг цагдаагийн байгууллагад хандан өргөдөл гаргахыг дэд хурандаа Ө.Эрдэнэхүү сануулж байсан юм. Мөн “Жи тайм” компанийн үйл ажиллагааг зогсоосон. Цаашид энэхүү компанийн төсөл, хөтөлбөрүүд үргэлжлэх боломжгүй гэдгийг цагдаагийн байгууллагаас анхааруулсан билээ.
Г.Тэгшсүрэн