Ялласан, цагаатгасан, дахиад ялласан

img

 

СЕНСААЦИЙН ЭРГЭН ТОЙРОНД

 

Одоогоос хоёр жилийн өмнө буюу  2015 онд дөрөвхөн настай бяцхан охин хойд эх болон төрсөн эцгийнхээ гарт амиа алдсан аймшигт хэрэг гарсан билээ. 2015 оны хоёрдугаар сарын 12-нд бяцхан охин тархиндаа хүнд гэмтэл авч, цус харвасан, хамаг бие нь хөх няц болсон байдалтай эмнэлэгт хүргэгдсэн байхад нь төрсөн ээж нь энэ байдлыг сонсоод очсон байдаг юм. Тухайн үед Т.Цогт  “Хэлээ хүрэх газар маргалдаж, хөлөө хүрэх газар явж заргалд юу ч олж долоохгүй” гэх зэргээр доромжилж, Г.Маралмааг өмөөрч байсан гэдэг. Харин сүүлд  цагдаа нар ирж шинжилгээ хийсэн бөгөөд хүнд зодуулсан болохыг нь тогтоосон билээ.  Ингээд л дөрөвхөн настай бяцхан охиныг Т.Цогт, Г.Маралмаа нар нийлж, хэрхэн амьдаар нь тамлаж, яргалж байсныг олон нийт мэдэж, хэсэгтээ л шуугисан. Хоёр жилийн өмнө гарсан энэ хэрэг шүүхээр хэдэнтээ орж, сунжирч явсаар арайхийн шийдэгдэж, гэмт хэрэгтнүүдэд ял оноогоод байгаа билээ.  Гэхдээ түүнээс өмнө байсныг мартах учиргүй.  “Монголын мэдээ” сонин энэ удаагийн “Онцлох хуудас”-аараа Т.Цогт, Г.Маралмаа нарын хэргийг онцолж байна. 

 

Т.ЦОГТ, Г.МАРАЛМАА НАРТ 24 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООЛОО

 

2015.10.07: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн танхимд 2015 оны аравдугаар сарын 7-ны  өглөө 10.00 цагаас  эхэлсэн Т.Цогт, Г.Маралмаа нарыг шүүх хурлын шийдвэр тэр өдөртөө гарсан. Улмаар дөрвөн настай охиноо санаатай хөнөөсөн гэх хэрэгт сэжиглэгдэж байсан Т.Цогт болон талийгаач охины хойд ээж Г.Маралмаа нарт шүүхээс тус бүрт нь 24 жилийн хорих ял оноов. Улсын яллагчийн зүгээс Г.Маралмааг хүний амь нас онц хэрцгийгээр, биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж хөнөөсөн  хэмээн буруутгаж 25 жил, Т.Цогтыг хүний амь насанд санаатайгаар халдсан хэмээн 22 жилийн ял оноохоор төлөвлөөд байсан бол Шүүх бүрэлдэхүүн ийнхүү эцсийн шийдвэр гаргахдаа Т.Цогтын таван жилийн ялыг гянданд, үлдсэн 19 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Г.Маралмаагийн 24 жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэр гаргасан билээ.  Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.11 /бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл бусдын амь насанд хүрсэн/ 91.2.12 /онц харгис хэрцгий аргаар/ 91.2.15 /хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж/ 100.1 /байнга зодох буюу тарчлаах шинжтэй бусад үйлдэл хийсэн/ гэх зүйл ангиар буруутган шүүсэн юм. Шүүх хурал дуусмагч хэрэгтнүүдийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр анги руу авч явсан.  Г.Маралмаа шүүгдэх хугацаанд бие давхар байсан ба нэгэнт шүүхийн шийдвэр гарсан тул хүүхдээ хорих ангид төрүүлж, нэг ой хүрэхээр нь асран хамаалагчид шилжүүлэх болсон билээ.

 

ХЭРГИЙГ НЭМЭЛТ МӨРДӨН БАЙЦААЛТАД БУЦААВ

 

2016.01.18: Анхны шатны шүүхээс 24 жилийн ял аваад байсан Т.Цогт, Г.Маралмаа нар давж заалдсаар, Дээд шүүхэд очсон.  Улмаар нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан билээ. Тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Г.Маралмаа, Т.Цогт нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу өнөөдөр хянан хэлэлцэв. Шүүхээс мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн, зарим зүйлийг нэмж тодруулах шаардлагатай гэж үзэж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар болсон байна.  Эргэн сануулахад Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.Маралмаа, Т.Цогт нарыг бүлэглэн, бусдыг байнга зодох буюу тарчлаах шинжтэй бусад үйлдэл хийсэн, бусадтай бүлэглэн, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон. Тэдэнд Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар Г.Маралмаа, Т.Цогт нарт тус бүр 24 жилийн хорих ял оногдуулсан юм.  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Өршөөл үзүүлэх тухай тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т.Цогт, Г.Маралмаа нарт Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хоёр жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, Т.Цогт, Г.Маралмаа нарын биечлэн эдлэх ялыг тус бүр 22 жилийн хугацаагаар тогтоожээ” хэмээн мэдээлж байлаа. 

 

Т.ЦОГТЫГ ЦАГААТГАВ

 

2016.07.28: Дээд шүүхээс Т.Цогт, Г.Маралмаа  нарын хэргийг нэмэлт мөрдөн байцаалт буцааснаас хагас жилийн дараа  дахин анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Улмаар Т.Цогтыг цагаатгасан юм. Тухайн үед хэвлэлүүд “ Дөрвөн настай охиноо зодож биед нь хүнд гэмтэл учруулан амь насыг нь хохироосон хэрэгт буруутгагдсан төрсөн эцэг Т.Цогт болон хойд эх Г.Маралмаа хоёрыг шүүх хурал өчигдөр Баянзүрх дүүргийн шүүхэд боллоо. Шүүхийн шийдвэр Г.Маралмаад 23 жилийн хорих ял оноож, охины төрсөн эцэг Т.Цогтыг нь цагаатгалаа. Г.Маралмаа хүнийг онц харгис хэрцгий аргаар бие хамгаалах чадахгүй байдлыг далимдуулан санаатай алах гэмт хэрэг үйлдсэн, бусдыг байнга зодох буюу тарчлаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, түүнийг эмэгтэйчүүдийн чанга дэглэмтэй хорих ангид 23 жилийн ял эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Харин охины төрсөн эцэг Тулгатын Цогтыг хүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон ч түүнийг цагаатган, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлүүдийг устгаж гар утас, Сиди-г буцаан олгохоор болсон байна. Мөн Г.Маралмаагаас 4 сая 646 мянган төгрөгийг гаргуулж талийгаачийн ээж Б.Өнөржаргалд олгох, Г.Цогт нь бусдад төлөх төлбөргүй болохыг шүүхээс шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, Т.Цогтын хүн амины хэрэг цагаадаж, охины биед хүнд гэмтэл учруулсан хэрэг нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэргийг хаажээ” хэмээн мэдээллэж байсан юм.

 

Т.ЦОГТЫГ ДАХИН БАРИВЧИЛЖЭЭ

 

2017.02.21: Нэмэлт мөрдөн байцаалтад буцаж, улмаар Баянзүрх дүүргийн шүүхээс Т.Цогтыг цагаатгаснаас хойш долоон сар орчмын дараа түүнийг дахин баривчилсан сонирхолтой тохиолдол гарсан билээ. Энэ талаар тухайн үед хэвлэлүүд “Дөрвөн настай  охины амь насыг хохироосон хэрэгт буруутгагдаад байсан Т.Цогт, Г.Маралмаа нарын хэрэг өнгөрсөн онд шийдвэрлэгдсэн.  Шүүхээс Г.Маралмааг дагавар охиноо зодож, биед нь хүнд гэмтэл учруулж, амь насыг нь хөнөөсөн хэмээн үзэж 23 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Харин охины төрсөн эцэг Т.Цогтыг гэм буруугүй хэмээн хэргийг хэрэгсэхгүй болгосон билээ. Тэгвэл  өнгөрсөн долоо хоногт түүнийг баривчлан, саатуулжээ. Учир нь уг хэрэгтэй холбоотой шинэ баримт дахин гарч ирсэн байна. Эдүгээ хорих ялаа эдэлж буй Г.Маралмаа Т.Цогтын эсрэг гомдол гаргажээ. Улмаар УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс энэ хэрэгтэй холбоотой шинэ баримт олдсон хэмээн дахин сэргээж, нягталж шалгахаар болжээ” хэмээн мэдээллэж байлаа.

 

Т.ЦОГТОД 20 ЖИЛ, Г.МАРАЛМААД 23 ЖИЛИЙН ЯЛ ОНООВ

 

2017.04 .04: Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Т.Цогт, Г.Маралмаа нарын шүүх хуралдаан боллоо. Шүүгдэгч Т.Цогт, Г.Маралмаа нарыг хүнийг санаатай алах гэмт хэргийг бусдыг биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж онц харгис хэрцгий аргаар бүлэглэж, үйлдсэн гэм буруутаа тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар Т.Цогтод 20 жилийн хорих ял, Г.Маралмаад 23 жилийн хорих ял оноосон юм.  Шүүгдэгч Т.Цогтод оногдуулсан 20 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, шүүгдэгч Г.Маралмаад оногдуулсан 23 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлэхээр шийдвэрлэлээ. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497,1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Цогт, Г.Маралмаа нараас тус бүр 2.324.420 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шүүх шийдвэрлэсэн байна.

 

СЭТГҮҮЛЧИЙН ӨНЦӨГ

Т.ЦОГТЫГ “СУГАЛАХ” ГЭЭД ЧАДСАНГҮЙ ЮУ

 

Дөрөвхөн настай бяцхан охиноо онц хэрцгийгээр, яргалж, тамалж хөнөөсөн Т.Цогт, Г.Маралмаа нар үнэнд гүйцэгдэж, сая л нэг юм зохих ялаа авлаа. Угаасаа  мөрдөн байцаагчид тэднийг буруутайг нотлох баримтаар нотлоод, прокурор хянаад, шүүх ял оноочихлоо. Тийм болохоор одоо үнэн ялсан гэж зоригтой хэлж болох байх. Төрсөн үрээ хойд эхтэй нь нийлээд тамлаж байсан Т.Цогт өөрөө цагдаагийн албан хаагч. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд, бяцхан үрсийг хамгаалж байх ёстой цагдаа хүн өөрөө нялх хүүхдийг тамлаж, яргалж, удаанаар тарчилган хөнөөнө гэдэг үнэхээр зэвүү хүрмээр хэрэг биш гэж үү. Ийм хүмүүст хатуу хариуцлага тооцох ёстой. Тиймдээ ч шүүхээс тэдэнд 20, 23 жилийн ял оноолоо. Зохих ял шийтгэлийг нь өгсөн.

 

Гэхдээ өнгөрсөн хоёр жилийн хугацаанд чухам юу болов. Эхлээд тэднийг шүүх гэм буруутай гэж үзэж, 24 жилийн ял оноосон. Гэтэл давж заалдаж явсаар эцэстээ Дээд шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байдаг. Яахав, мөрдөн байцаалтын явцад орхигдуулсан зүйл байсныг үгүйсгэхгүй. Хамгийн сонирхолтой нь нэмэлт мөрдөн байцаалт дуусаад, дахиад шүүхээр ороход Т.Цогтыг хэргээс сугалаад авчихсан. Тодруулбал, түүнийг цагаатгаад, харин Г.Маралмаад 23 жилийн ял оноогоод явуулчихаж байгаа юм. Энэ үйл явцыг Т.Цогт цагдаагийн албан хаагч байсан учраас түүнийг хэргээс сугалж авах гэсэн оролдлого байсан уу гэж хардаж болохоор. Гэвч цагаатгаснаас хойш долоон сарын дараа дахиад баривчиллаа. Учир нь Г.Маралмаа түүний эсрэг шинэ нотлох баримт гаргаж ирж, мэдүүлэг өгсөн учраас тийн баривчилсан гэж байгаа. Улмаар энэ сарын 4-ний өдөр дахин шүүх хуралж болж, анхны шатны шүүхээс Т.Цогтод 20 жил, Г.Маралмаад 23 жилийн хорих ял оноолоо.

 

Ингээд асуудал дуусахгүй л дээ. Тэд дахиад давж заалдана. Тэгээд Дээд шүүх рүү ч явах байх. Ямар ч байсан асуудал дахин хэдэн сараар сунжирч магадгүй болчихоод байна. Эсвэл энэ хоёр давж заалдахгүй ч байж магадгүй. Хамгийн гол нь хууль, шүүхийнхэн яагаад ингэж хэд хэд эргэв. Эхлээд ял оноогоод, тэгснээ удалгүй цагаатгаж ч байх шиг. Яахав, буруу шүүсэн учир цагаатгаж болно л доо.

 

Гэвч цагаатгачихаад яагаад дахин баривчилж, эргээд 20 жилийн ял оноож, чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр болов гэдэг сонирхол татаад байна. Шүүх, цагдаагийн практикт ийм тохиолдол байдаг ч байж болох юм. Гэхдээ үүний цаана нэг учир байна. Хуулийн байгууллагын удирдлагуудтай холбоотой байв уу. Түүнээс биш шүүх нэгэнт цагаатгачихсан байхад Г.Маралмаа мэдүүлэг өгсөн гээд дахиж барьж аваад, эцэстээ энэ жилийн ял өгнө гэж байх уу. Бүр гайхмаар. Тийм болохоор л хуулийн байгууллагын удирдлага өөрчлөгдөж, нааш цааш болсонтой холбоотой юм болов уу. Т.Цогтыг сугалж гаргах асуудлыг байж болохгүй гэж үзсэн ч байж болох юм. Ямар ч байсан Т.Цогтод ял оноочихлоо. Үнэн яллаа. Үнэн ялсан хэвээр байгаасай.

 

Эх сурвалж. mminfo.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ