МУГТ Э.Бэхбаяр аваргын буухиаг үргэлжлүүлэв

img

 

Болгарын Русе хотод Дан Колов болон Никола Петровын нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын уламжлалт тэмцээн энэ сарын 8-9-ны өдрүүдэд болж өндөрлөлөө.

 

Тэмцээний эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд зодоглосон МУГТ Э.Бэхбаяр алтан медаль хүртэж Дан Колов хотын чөлөөт бөхийн уламжлалт тэмцээнд түрүүлсэн ес дэх Монгол бөх болов. Тэрбээр эхний тойрогт Италийн Гиви  Давидовиг ялж хагас шигшээд шалгарсан.  Хагас шигшээд Испанийн  Леван  Метревелиг 10:0 харьцаагаар цэвэр ялсан юм. Алтан медалийн төлөөх барилдаанд Румыны бөх  Андрей Дубовыг 9:4 харьцаагаар ялж аваргаллаа.

 

Энэхүү уламжлалт тэмцээнд манай улсын тамирчид сүүлийн жилүүдэд аваргалаагүй бөгөөд 15 жилийн дараа ийнхүү МУГТ Э.Бэхбаяр аваргын алтан медалийг эх орондоо авчирлаа. Түүнээс өмнө хөдөлмөрийн баатар З.Ойдов, Х.Баянмөнх, гавьяат тамирчин Ц.Нацагдорж, А.Энхээ, О.Пүрэвбаатар, Б.Наранбаатар, Ц.Энхжаргал, О.Бурмаа нар аваргалж байв.

 

Энэ удаагийн тэмцээнд манай улсаас эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга, “Алтай” констракшн, “Хангарьд” спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр, эмэгтэйчүүдийн 55 кг-д залуучуудын Азийн АШТ-ий мөнгөн медальт, “Арслан” клубийн тамирчин, спортын мастер Бүүвэйбаатарын Хатантуул, 75 кг-д залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт, “Арслан” клубийн тамирчин, спортын мастер Бямбадоржийн Цэцэгбаяр нарын гурван тамирчин оролцсон юм.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ