Гранат дэлбэрч, хоёр албан хаагч нас баржээ

Тавантолгой дахь цэргийн сургалтын төвд зэвсэгт хүчний анги салбарууд хээрийн сургалтад гараад буй аж. Өчигдөр 17.40 цагт сургалтын баазад осол гарч, хүний амь эрсэджээ. Тодруулбал, Зэвсэгт хүчний 350 дугаар анги байлдааны буудлага хийхээр бэлтгэлээ хангах явцад тухайн осол гарсан байна.
Сургалтын үеэр байлдааны гранатыг цэнэгтэй нь холбох явцад гранат дэлбэрсэн аж. Дэлбэрэлтийн улмаас хоёр хүн газар дээрээ нас барж, найман хүн шархатсан байна. Шархатсан хүмүүсийг Цэргийн төв эмнэлэгт эмчилж буй. Тэдний хоёр нь яаралтай хагалгаанд орсон байна. Албан хаагчдын биеийн байдал нь тогтвортой байгааг цэргийн эмнэлгийн удирдлагууд мэдээлэв.
ЗХЖШ-ын даргын тушаалаар томилогдсон шуурхай комисс, хуулийн байгууллагатай хамтран ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ