“Эртний нүүдэлчдийн хот суурин, соёл”-той танилцаарай

Монголын Үндэсний музейд “Эртний нүүдэлчдийн хот суурины соёл” үзэсгэлэн нээлтээ хийлээ.
Уг үзэсгэлэнд Монгол-Оросын хамтарсан “Төв-Азийн нүүдэлчдийн хот суурин” төслийн хүрээнд хийгдсэн Хүннүгээс Хятаны үед холбогдох археологийн олдворуудаас дээжлэн 200 орчим үзмэрийг дэлгэжээ.
Тухайлбал Нийтийн тооллын 677 оны орчим холбогдох Пүгү аймгийн язгууртны бунхант оршуулгаас илэрсэн ховор олдворууд, Хятаны үед холбогдох шүдний ясан сойз, шаазан хүний баримал, ваар сав, хоол хүнсэндээ хэрэглэж байсан загасны яс, хясаа, тарималжуулан хэрэглэж асан үр тариа, Заамарын бунхант булшнаас илэрсэн шавар, модон хүүхэлдэй, туг, хятад бичээстэй хөшөө зэргийг үзэсгэлэнд байршуулсан байна.
Эдгээр олдвор хэрэглэгдэхүүн нь Монгол нутагт оршин тогтнож байсан эртний аймаг улсууд хот суурин байгуулж, суурин амьдрал цэцэглэж байсныг харуулах сонирхолтой баримт ажээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ