Малчинг 700 мянгаас сая төгрөгөөр цалинжуулна

Нийслэлийн Засаг даргын тамгын газар, нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, “Эйч ар” клуб хамтран Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нэг өрх-нэг ажлын байр” ажлын байрны нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж байна.
Өдөрлөгт төрийн болон хувийн хэвшлийн нийт 70 гаруй байгууллага оролцогч 1500 орчим нээлттэй ажлын байрыг иргэдэд санал болгож байна.
Урин дулаан цаг ирж, барилга болон хөдөө аж ахуйн ажил эхэлж буйтай холбогдуулан энэ төрлийн нээлттэй ажлын байрны саналыг зарим компанийн зүгээс тавьж байна. Тухайлбал Төв аймгийн Заамар суманд алтны шороон орд нээн илрүүлэн уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг “Эко алт” ХХК гүйцэтгэх захиралаас эхлээд автын цахилгаанчин, бэлтгэгч, үйлчлэгч хүртэл 45 ажлын байранд ажилтан шалгаруулж авахаар сонгон шалгаруулалт зарлажээ. Тус компанийн зүгээс ажил горилогчдод уул уурхайн чиглэлээр хөдөө ажиллах боломжтой, ажлын туршлагатай байх шаардлагыг тавьж буй юм байна. Эхний ээлжинд анкет бөглүүлнэ. Анкет дахь мэдээлэл шаардлага хангасан тохиолдолд 7 хоногийн хугацаанд ажлын ярилцлаганд урьж, тэнцсэн тохиолдолд гэрээ байгуулах юм байна.
Харин хөдөө аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг “Гацуурт” ХХК найман төрлийн нээлттэй ажлын байр зарлажээ. Үүнд:
- Нягтлан бодогч /хот, хөдөө ажиллах боломжтой/
- Нярав / хөдөө ажиллах/
- Мал зүйч
- Малын эмч
- Жолооч
- Малчин
- Тогооч
- Трактор комбайны жолооч
Тус компанийн зүгээс Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд байрлаж ажиллах гэр бүлийн малчин ажилд авах юм байна. Малчин нь 250-300 үхэр хариулах бөгөөд сард 700-1 сая төгрөгөөр цалинжуулах аж. Шаардлагатай бол малчинг гэрээр хангах юм байна.
Мөн “Блю скай” зочид буудалд зөөгч, тогооч, үйлчлэгчийн ажлын байрыг зарлажээ. Харин “Чингис хаан” зочид буудалд зөөгч, цахилгаанчин, ресепшин, тогооч ажилд авах бөгөөд анкет бөглүүлээд 7 хоногийн дараа хариу мэдэгдэх юм байна.
Анкет бөглүүлдэг ч эргээд үр дүн нь тодорхой бус үлддэг гэдгийг өдөрлөгт оролцож буй иргэд хэлж ажилд орох итгэлгүй байгаагаа хэлж байсан юм. Энэ талаар зохион байгуулагч “Эйч ар” клубын тэргүүн Ш.Баярмагнайгаас тодруулахад “Манай клубээс энэхүү арга хэмжээг хоёр дахь удаагаа зохион байгуулж байна. Өнгөрсөн оны аравдугаар сарын 3-нд бид нээлттэй ажлын байрны өдөрлөгийг зохион байгуулсан удаатай. Энэ удаагийн арга хэмжээг төрийн байгууллага төрийн бус байгууллага хамтран зохион байгуулж буйгаар онцлогтой. Мөн өмнө нь ажил олгогч, горилогч хоёр уулздаг бол энэ удаад ажил хайх, анкет бөглөхөд иргэн ямар алдаа гаргадаг талаар мэргэжлийн хүмүүс үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байна.
Өнгөрсөн жил бид аравдугаар сард зохион байгуулахдаа 30 байгууллагыг урьж, 800 гаруй ажлын байрыг нээлттэй зарласан. Уг арга хэмжээгээр 5 мянга гаруй хүн анкет бөглөж оролцсон. Үүнээс 300 гаруй хүн тухайн долоо хоногтоо ажилд орсон мэдээ бий. Энэ бол тушаал гарч, хөдөлмөрийн гэрээгээ байгуулаад ажилд орсон хүний тоо. Тиймээс энэ үйл ажиллагааг тогтмол зохион байгуулвал олон ар гэрийн амьдрал дээшлэх үр дүнтэй гэж бид үзэж байгаа юм” хэмээсэн юм.
Ажлын байрны нээлттэй өдөрлөг 15.00 цаг хүртэл Сүхбаатарын талбайд үргэлжилнэ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ