Г.Цэрэнтогтох: “Эрдэнэт”-ийн санхүүгийн тайланг ард түмэнд ил болго

“Шударга Монгол хөдөлгөөн” ТББ-аас “Эрдэнэт” үйлдвэрийн санхүүгийн тайланг олон нийтэд ил тод болгох, тус үйлдвэрийн 51 хувь хэний өмчлөлд байгаа тухай албан ёсны тайлбар өгөхийг шаардаж, УИХ-ын дарга М.Энхболдолд бичиг хүргүүлсэн байна. Үүнтэй холбогдуулан “Шударга Монгол хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн Г.Цэрэнтогтохоос дараах тодруулгыг авлаа.
-Танай байгууллагын зүгээс УИХ-д ямар шаардлага хүргүүлээд байна вэ?
-Бид “Эрдэнэт” үйлдвэрийн санхүүгийн тайланг Монголын ард түмэнд ил тод болгох, “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувь хэний өмчлөлд байгаа тухай УИХ-аас албан ёсны тайлбар авахаар шаардлагыг хүргүүлээд байна.
-Чухам ямар учраас энэхүү шаардлагыг хүргүүлэх болов?
“Эрдэнэт” үйлдвэр шатааны бизнесийг цэцэглэн хөгжүүлж байна, үйлдвэрийн 21 хувь засгийн газрын зөвшөөрөлтэйгээр Африкийн Стандарт банкинд барьцаалагдсан. Английн Арбитрын шийдвэр нь манай эсрэг талд гарсан. Төлбөрийг Монголын тал хариуцахаар нөхцөлд орсон зэрэг мэдээллүүд хэвлэл мэдээллийн хэрэглээр яригдсаар байна. Гэвч уг мэдээллүүд үндэслэлтэй, үнэн бодит эсэхэд “Эрдэнэт” үйлдвэрээс өнөөдрийг хүртэл албан ёсоор ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Тиймээс манай төрийн бус байгууллагын зүгээс 2017 оны гуравдугаар сарын 28-ны өдөр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт хандан “Эрдэнэт” үйлдвэрийн 1992-2017 он хүртэлх бүх төсөв, санхүүгийн баримтыг олон нийтэд ил болгож өгөхийг хүсч албан бичгээр хандсан. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор хууль тогтоомжийн хүрээнд санхүүгийн баримтыг ил болгохыг хүсэж “Эрдэнэт” үйлдвэрийн ТӨХХК-ийн ерөнхий захирал Х.Бадамсүрэнд албан бичиг хүргүүлсэн байна лээ.
-“Эрдэнэт” үйлдвэрээс хариу ирээ юу?
-Ирээгүй. Би өөрийн биеэр “Эрдэнэт” үйлдвэрт очиж Х.Бадамсүрэн захиралтай уулзах гэсэн боловч дотоод ажилтай гээд намайг хүлээж авч уулзаагүй.
-Шаардлага хүргүүлээд эцэст нь ямар үр дүнд хүрэхийг зорьж байна вэ?
-Хамгийн шударга УИХ-ын гишүүн Ц.Нямдорж л гэдэг. Үнэндээ тэр хүн чинь хүү Н.Анхбаяртайгаа нийлж байгаад 2004-2005 онд “Эрдэнэт” үйлдвэр рүү 2.5 тэрбум төгрөгийг хийсэн хүн шүү дээ. Ц.Нямдорж л ийм байсан байхад үе үеийн бусад дарга нар нь яаж мөнгө идэж, шахааны бизнес цэцэглүүлж байсныг бид мэдмээр байна. Оффшор гээд л яриад байна. Оффшорын зах нь энд байна шүү дээ. Тийм учраас “Эрдэнэт”-ийн санхүүгийн тайланг ард түмэнд ил болгохыг л хүсэж байна.
-Цаашид хэрхэн тэмцэх вэ?
-Би шударга ядууу хүн. Өнөөдөр Монголын нийгэмд амьдрах нөхцөл бололцоо алга. Үр хүүхдээ хараад үнэндээ өрөвдөж байна. “Эрдэнэт” үйлдвэр ард түмний өмч гэдэг. Тийм учраас би санхүүгийн тайланг нь заавал ил болгоно. Ил болгохын төлөө би амиа өгөхөд ч бэлэн байна. Хуулийн дагуу тэмцээд үр дүнд хүрэхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжииж, эцсийг нь хүртэл амь бие үл хайрлан тэмцэх болно. Санхүүгийн тайланг нь ил болголоо гээд би аваад идчих юм биш. Ард түмэнд хэрэгтэй байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ