Чөлөөтийн удирдлагуудад хэлний мэдлэг дутав уу

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ ирэх сард болно. Уг тэмцээнд манай улсын чөлөөт бөхийн тамирчид оролцох боломжгүй болсныг Дэлхийн бөхийн холбооноос мэдэгдээд байна.
Монголын чөлөөт бөхийн холбоо Азийн АШТ-д өрсөлдөх баг, тамирчдын мэдүүлгийг хоцроосон тул Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос манай тамирчдыг оролцуулах боломжгүйд хүрснийг Монголын чөлөөт бөхийн холбоонд мэдэгджээ.
Дэлхийн бөхийн холбооноос 2016 оны арваннэгдүгээр сард тив дэлхийн тэмцээнд оролцох тамирчдын мэдүүлгийг бүртгэх “Athena” гэх шинэ системийг нэвтрүүлжээ. Уг системийг нэвтрүүлснээр тэмцээнд оролцох тамирчдын мэдүүлгийг сарын өмнө хүлээн авах шаардлагатай болсон бөгөөд энэ тухай албан бичгийг улс орон бүрийн чөлөөт бөхийн холбоонд хүргүүлсэн аж. Иймд тавдугаар сарын 10-нд болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдын мэдүүлгийг дөрөвдүгээр сарын 10-нд Дэлхийн бөхийн холбоонд хүргүүлэх шаардлагатай байжээ. Гэвч Монголын чөлөөт бөхийн холбоо тамирчдынхаа мэдүүлгийг хоцроосноос Азийн АШТ, цаашлаад ДАШТ-нд оролцох боломжгүйд хүрээд байгаа юм.
Азийн АШТ, ДАШТ-нд манай улсаас МУГТ Г.Мандахнаран тэргүүтэй эрэгтэй найм, эмэгтэй найман тамирчид оролцохоор бэлтгэл сургуулилтаа хийж байсан.
МУГТ Г.Мандахнаран үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан өөрийн байр сууриа илэрхийлсэн байна. Тэрбээр “Нэг жилийн хөдөлмөрөө Азийн АШТ, ДАШТ-нд гаргаж чадалгүй алдах вий гэж айж байна. Эхний ээлжинд Азийн аварга шалгаруулах тэмцээн оролцуулахгүй гэдэг бичиг ирсэн. Тамирчид бид азийн аваргад оролцож ДАШТ-нд оролцох эрхээ авдаг. Тиймээс ДАШТ зэрэг дараа дараагийн тэмцээнд оролцох боломжгүйд хүрнэ. Би ингэж хохирмооргүй байна. Дэлхийн бөхийн холбооноос шинэ системтэй холбогдуулан гаргасан шаардлагыг Монголын чөлөөт бөхийн холбооны тамга тэмдэг барьж буй эрх бүхий хүмүүс үл ойшоосны улмаас бид тив дэлхийн тэмцээнд оролцож чадахгүйд хүрээд байна. Тэдэнд дэлхийн бөхийн холбооноос ирүүлсэн бичгийг орчуулах хэлний боловсрол дутсан уу, эсвэл санаатай үл ойшоож тамирчдын мэдүүлгийг хоцроов уу гэдгийг нь хэлж мэдэхгүй юм. Ямартай ч энэ бол Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагуудын харицлагагүй үйлдэл” хэмээн ярив.
Харин Монголын чөлөөт бөхийн холбооноос шигшээ багийн нэгдсэн цугларалтаас тусдаа бэлтгэл хийж буй тамирчдын дасгалжуулагчид тамирчдынхаа мэдүүлгийг энэ сарын 13-нд холбоонд авчирч өгснөөс ийм нөхцөл байдалд үүссэн хэмээн тайлбарлаж буй.
Чөлөөт бөхийн ахмад, тамирчин, дасгалжуулагчид өнгөрсөн гуравдугаар сараас “Чөлөөт бөхийн академи” байгуулж, шигшээ багаас тусдаа бэлтгэл сургуулилт хийх болсон. Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Баяраа нар уг холбооны дасгалжуулагчаар ажиллаж буй. Эдгээр дасгалжуулагчын удирдлаган дор МУГТ Г.Мандахнаран, Э.Ням-Очир, С.Цэрэнчимэд, ОУХМ Ж.Чулуунбат, Б.Номин, П.Орхон зэрэг бөх бэлтгэл сургуулилтаа базаадаг.
Дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Баяраа нар тамирчдынхаа мэдүүлгийг хоцроосон тул Монголын тамирчид Азийн АШТ, ДАШТ-нд оролцох боломжгүйд хүрээд байгаа талаар Монголын чөлөөт бөхийн холбооноос тайлбарласан.
Тэгвэл тэдний байгуулсан тус академи нь туслах байгууллага буюу тамирчдын бэлтгэл сургуулилтыг бэлтгэдэг болохоос дэлхийн бөхийн холбоотой харилцах эрхгүй. Тамирчдын мэдүүлэг хоцроосон асуудалд академийн зүгээс үүрэг оролцоо байхгүй гэдгийг МУГТ Г.Мандахнаран тайлбарласан байна.
Дэлхийн Бөхийн Нэгдсэн Холбооны дүрмээр Азийн АШТ-нд оролцоогүй баг тухайн жилийнхээ ДАШТ-нд оролцох эрхгүй болдог. Иймд чөлөөтийн тамирчдын бүтэн жилийн бэлтгэл сургуулилт үр дүнгүй болоход хүрээд байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ