Шаардлага гарвал шатахуун импортлох эрх, зөвшөөрлийг цуцлана
Засгийн газрын байр суурь ганхаж эхэлснээс хойш бужигнасан улстөрийн үйл явдлыг шатахууны үнэ нэмэгдсэн явдал бүр ч дэвэргэв.
Дараагийн сайдын асуудал ярьж утсаа ч авах завгүй хэлэлцэж буй УИХ дахь намын бүлгүүд үнэ нь нэмэгдсэн шатахууны хойноос цув нөмөрч гүйлдэв.
МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж үнэ ханшийн өсөлт, түүнээс үүдэн гарсан асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх, цаашид эдгээрийг хэрхэн зохицуулах арга хэмжээ авах гэж байгаа талаар Засгийн газрын байр суурийг сонссон байна. Үүнийхээ дараа Ерөнхий сайд С.Батболд мэдээлэл хийсэн юм.
УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр Засгийн газраас ойрын өдрүүдэд авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар мөн цаашид арга хэмжээний талаар мэдээлэл хийж санал солилцсон гэнэ. Түүнчлэн ард түмэндээ хандаж чухалчлан хэлэхэд Төр засгийн ажил ажиллах зарчмаараа явагдаж байна. Үнийн гэнэтийн өсөлттэй холбоотой асуудал гарч ирж байгааг бид цаг алдалгүйгээр шийдвэрлэхээр ажиллаж байна гэсэн юм. Мөн асуудлыг хариуцлагатайгаар, үндэслэл тооцоотойгоор авч хэлэлцэн, үүнээс үндэслэн ямар арга хэмжээ авах вэ гэдгийг нягт нямбай тооцоолж байгаа аж.
Махны хувьд нөөц нийлүүлэлт, үнэ ханшид өөрчлөлт гарахгүй байх боломж байгаагхэлээд Төрөөс зохицуулах бодлого, зах зээлийн механизмтайгаа уялдуулаад ард иргэдийнхээ эрх ашгийг хамгаалсан зөв зохицуулалтыг хийх болно гэв. Энэ нь ч бас МАН-ы байр суурь аж. Иргэдийн амьдрал, хөгжлийг хамгийн түрүүнд тавьж, үүний төлөө үндсэн асуудлуудыг зохицуулах үүргийг төр хүлээдэг. Энэ үүргийнхээ дагуу ч , бодлогынхоо хүрээнд ч МАН тодорхой арга хэмжээ авч байна гэнэ.
Мөн дотоодын гол нэрийн бүтээгдэхүүнээс гадна гаднаас хамааралтай шатахууны үнэ ханшийн асуудал, валютын ханштай уялдсан үнийн өөрчлөлтийн асуудал бодитой байсан эсэх, энэ дунд ард иргэд хохиров гэдгийг авч үзэхийг зорьжээ. Ерөнхий сайдын захирамжийн дагуу энэ асуудлаар өчигдөр хоёр ажлын хэсэг байгуулагдаж, ажилдаа орсон. Махны нөөц бүрдүүлэлт болон шатахууны үнийн өсөлтийг судалж, нэмэгдэх болсон үндэслэлийг гаргаж ирж, цаашид авах арга хэмжээг тодорхой болгох үүднээс эдгээр ажлын хэсгүүд байгуулагдаж ажилдаа шуурхай орсон. Дүгнэлтээ ч гаргаад байна.
Маргааш ( 2012-1-11) Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж, энэ удаа авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ маш тодорхой болгож гаргаж тавина. Бид эдийн засаг болон улс төрийн гээд хоёр асуудлыг ярьж байна. Эдийн засагт ханш, үнийн өсөлт, нийлүүлэлт , гадаад нөхцөл байдал гээд бодит асуудлууд бий. Гэхдээ энэ удаагийн шатахууны огцом өсөлтөд эдийн засгийн гэхээсээ илүү улс төрийн нөлөө давамгайлсан байхыг үгүйсгэхгүй. Тиймээс ажлын хэсэг бүх талаас нь шалгаж, дүгнэлт гаргаж байна. Энэ асуудал бодит байна уу үгүй юу, гажуудал хаана гарсан байна гэдгийг олж , хариуцлага тооцох болно.
Төрийн албан хаагчдын түвшинд ч , магадгүй аж ахуйн нэгжүүдийн хувьд ч энэ асуудал сөхөгдөж мэднэ. Өөрсдөдөө ашигтайгаар алхам хийсэн байхыг үгүйсгэхгүй. Засгийн газрын ажил явдгаараа явна гэдгийг би оны өмнө ч хэлж байсан. Одоо ч үүнийг давтан хэлье. Улс орны ажил улс төрөөс хамаарах ёсгүй. Жингийн цуваа явдгаараа явж, улс орны Засаг төрийн ажил явдгаараа явж л таарна. Харин үүн дээр улс төр хийж болохгүй шүү.
Тиймээс би өмнө ч улс төрийн хүчнүүдэд хандан энэ тухай уриалж байсан. Аливаа нэгэн улс төрийн хүчин ард түмний нуруун дээр дарамт болох асуудлаар хожоо хийхгүй байх, эдийн засаг бизнесээр, улс төрийн тоглолт хийхгүй байхыг уриалсан.
Одоо ч энэ байр сууриа хатуу илэрхийлж байна. Мөн үүнээс гадна хариуцлагын асуудал бас хөндөгдөж байна. Шатахууны үнийн өсөлттэй холбоотойгоор тухайн албан тушаалтан хийх ёстой ажлаа хангалтгүй хийсэн нь тогтоогдвол бид зохих хариуцлага тооцно. Мөн албан тушаалтнаас гадна буруутай нь тогтоогдвол аж ахуйн нэгжүүдэд ч арга хэмжээ авна. Шаардлагатай бол аж ахуй эрхлэх үйл ажиллагаа, түүн дотор шатахуун импортлох эрх, зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна гэдгийг хатуу хэлье. Энэ асуудлыг бодитой бөгөөд нухацтай авч үзэн шуурхай шийдвэрлэнэ. Ингэхдээ эдийн засгийн, татварын, татаасын, хариуцлагын үүднээс хандах болно гэсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ