
Валютын ханшийн өсөлт, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийн мэдээллийг Эдийн засгийн байнгын хороогоор сонссон юм.
Өнгөрсөн оны сүүлийн хагас жилээс эхлэн төгрөг суларч эхэлжээ. Гадаад худалдааны баланс алдагдалтай болж, ам.долларын ханш 10, 11, 12 сард хэд хэдэн удаа огцом хөдөлсөн аж. Монголбанк тухай бүрт анхааралтай харж, шаардлагатай үед интервенц хийж ирсэн гэлээ.
Энэ хугацаанд 280 сая ам.долларын буюу валютын нийт нөөцийн 10 хувьтай тэнцэх хэмжээгээр интервенц хийж байж ам.долларын ханшийг 1400 төгрөгт барилаа гэж тэрбээр хэллээ. Өнгөрсөн баасан гаригт шатахууны үнийг нэмж, тэрхүү шуугиантай зэрэгцэн ам.долларын ханш 1480 төгрөгт хүрсэн ч ням гариг гэхэд 1440-өөс 1420 хүртэл буулгаж чадсан гэж тэрээр хэлсн юм.
Үндсэндээ зах зээлийг аль болох тайван байлгах зорилт тавьсан гэж төв банкны тэргүүн хэлсэн. Манай орны гадаад зах зээлийн нөхцөл муудаж байгаа гэж тэрбээр хэлэв. Экспортын гол түүхий эд болох нүүрс, зэсийн үнэ буурч, гаднаас орж ирэх хөрөнгө оруулалт багассан нь үүнд нөлөөлж байгаа гэнэ. Ийм үед валютын нөөцөө хянан, хэмнэх бодлого барьж байгаа аж. Хэрэв валютын нөөцөө цацан ханшийг барихыг оролдвол аюултай үр дагаварт хүргэж болзошгүй гэнэ.
Валютын ханшийг барих үндсэн гурван арга байгаа бөгөөд нэгдүгээрт төсөв, зардлаа хасах, хоёрдугаарт нөөцийн валютаа зарах, эсвэл ханшийг алгуур явуулах аж. Монголбанкны хувьд сүүлийн хоёр аргыг хэрэглэж байгаа аж. Уг мэдээллийг сонссон гишүүд валютын ханшийн бодлогын дахин авч хэлэлцэх хэрэгтэй гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ