Тод гэрэлтээрэй, Г.Цагаандарь аа

Г.Цагаандарь бүсгүй хашаа, байшин, иж бүрэн тавилгатай таван ханатай шинэ гэрээ хүлээн авлаа.
Хоёр охины хамт амьдрах газаргүй болсон Г.Цагаандарь гэх бүсгүйд туслах хандивын аяныг “Итгэл сэтгэлийн гүүр” ТББ-ын тэргүүн Ц.Сувд-Эрдэнэ эхлүүлсэн. Аяны хүрээнд цугларсан 13 орчим сая төгрөгөөр БЗД-ийн 19-р хороо Цайз орчимд хашаа, байшин худалдан авч өгчээ. Мөн "Хужирт Эко гэр" ХХК-ийн Г.Цагаандарьт иж бүрэн таван ханатай шинэ гэр бэлэглэсэн.
Хашаа байшин болон шинэ гэрийг нь өнөөдөр /2017.04.20/ албан ёсоор хүлээлгэн өгөв. Г.Цагаандарь “Хэлэх үг олдохгүй баярлаж байна. Улам бүр хичээж, хүний дайтай сайхан амьдрана. Хоёр хүүхдээ сайн хүн болгож өсгөнө. Тусласан бүх хүнд маш их баярлалаа” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцлаа.
Иргэний нисэхийн ерөнхий газрын удирдлагууд Г.Цагаандарийг ажилд авахаар болсон. Түүнийг байгууллагын хашаандаа гэрээр нь буулгаж, манаачын ажилд авахаар болсон аж. Г.Цагаандарийг 650 мянган төгрөгөөр цалинжуулах бөгөөд нэмэгдэл 20 хувийг сар бүр олгох болсон байна. Тэрбээр үндсэн ажилтны гэрээгээ хийсэн бөгөөд энэ сарын 24-нөөс албан ёсоор ажилдаа орно.
Иймд хандивын мөнгөөр худалдан авсан байшинг нь засварлаж хүнд түрээслэж түүний амьдралд нь нэмэр болгох шийдвэрийг “Итгэл сэтгэлийн гүүр” ТББ-аас гаргажээ.
Г.Цагаандарь бүсгүйг хүнд өвчтэй эмнэлэгт хэвтэж байх хугацаанд нь нөхөр нь хоёр хүүхдээ орхиод гэрээ ачаад зугтсан тухай тэрбээр хэлсэн. Улмаар амьдрах газаргүй болж Толгойт өртөөний буудалд хоног төөрүүлж явсан ч сайхан сэтгэл хүмүүсийн ачаар өнөөдөр гэртэй, байшинтай, ажилтай боллоо.
Өдгөө 23 настай залуу бүсгүйд одоо итгэл дүүрэн, сэтгэл тэнэгэр тод гэрэлтэж амьдрах боломж бүрэн нээгдлээ. Хэрсүү бяцхан хүүхдүүд нь сайн цагийн эхлэл болох болтугай.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ