
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Мөн Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Шинээр өргөн мэдүүлэхээр бэлтгэж байгаа Ашигт малтмалын тухай хуулийг батлах хүртэл ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгохгүй байхаар дээрх хуулийн төсөлд тусгаад байгаа юм. Харин зарим гишүүд, тухайлбал С.Бямбацогт гишүүн, хэрвээ УИХ Ашигт малтмалын тухай хуулиа баталж чадахгүй бол яах вэ. Хууль батлагдахгүй сунжраад яваад байвал шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдохгүй яваад л байна гэсэн үг. Тийм болохоор хугацааг тодорхой заах нь зүйтэй гэсэн саналтай байсан. Мөн тэрбээр түгээмэл тархацтай ашигт малтмал буюу барилгын материалын гол түүхий эд болох элс, хайрга гэх мэтийн хайгуулын лицензийг зогсоосноос болоод барилгын материалын үнэ нэмэгдэн, байрны үнэ өсөөд байна. Тийм болохоор барилгын материалын гол түүхий эдийн хайгуулын лицензийг олгох асуудлыг нээллтэй үлдээе гэсэн саналыг гаргасан юм.
Эдгээр саналыг гишүүд хэлэлцээд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хориглох хугацааг 2012 оны 12 дугаар сарын 31 болгон өөрчлөхийг дэмжлээ. Харин Р.Раш гишүүн уг асуудалд цөөнх болсон.
Мөн барилгын материалын гол түүхий эд болсон түгээмэл тархацтай элс, хайргын тусгай зөвшөөрлийг олгох асуудлыг нээлттэй үлдээх нь зөв гэж үзлээ.
Үүний дараа Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан А.Бакейн хүсэлтийг хэлэлцээд чөлөөлөх хүсэлтийг нь хүлээн авахаар шийдвэрлэлээ.
280 сая ам.долларын интервенц хийсэн гэлээ
Дээрх асуудлуудыг хэлэлцсэний дараа валютын ханшийн өсөлт, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийн мэдээллийг сонслоо.
Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийн мэдээлснээр, өнгөрсөн оны сүүлийн хагас жилээс эхлэн төгрөг суларч эхэлжээ. Гадаад худалдааны баланс алдагдалтай болж, ам.долларын ханш 10, 11, 12 сард хэд хэдэн удаа огцом хөдөлсөн аж. Монголбанк тухай бүрт анхааралтай харж, шаардлагатай үед интервенц хийж ирсэн гэлээ. Энэ хугацаанд 280 сая ам.долларын буюу валютын нийт нөөцийн 10 хувьтай тэнцэх хэмжээгээр интервенц хийж байж ам.долларын ханшийг 1400 төгрөгт барилаа гэж тэрбээр хэллээ. Өнгөрсөн баасан гаригт шатахууны үнийг нэмж, тэрхүү шуугиантай зэрэгцэн ам.долларын ханш 1480 төгрөгт хүрсэн ч ням гариг гэхэд 1440-өөс 1420 хүртэл буулгаж чадсан гэв.
Үндсэндээ зах зээлийг аль болох тайван байлгах зорилт тавьсан гэж төв банкны тэргүүн хэлсэн. Манай орны гадаад зах зээлийн нөхцөл муудаж байгаа гэж тэрбээр хэлэв. Экспортын гол түүхий эд болох нүүрс, зэсийн үнэ буурч, гаднаас орж ирэх хөрөнгө оруулалт багассан нь үүнд нөлөөлж байгаа гэнэ. Ийм үед валютын нөөцөө хянан, хэмнэх бодлого барьж байгаа аж. Хэрэв валютын нөөцөө цацан ханшийг барихыг оролдвол аюултай үр дагаварт хүргэж болзошгүй хэмээн Л.Пүрэворж ерөнхийлөгч болгоомжлуулсан.
Валютын ханшийг барих үндсэн гурван арга байгаа бөгөөд нэгдүгээрт төсөв, зардлаа хасах, хоёрдугаарт нөөцийн валютаа зарах, эсвэл ханшийг алгуур явуулах аж. Монголбанкны хувьд сүүлийн хоёр аргыг хэрэглэж байна гэж тэрбээр мэдээллээ.
2010 онд манай улсад орж ирэх валютын урсгал хоёр тэрбум ам.долларт хүрч байсан бол 2011 онд 400 сая болон буурчээ. 2012 онд энэ тоо нэмэгдэх эерэг дүр зураг харагдахгүй байгаа ажээ. Энэ нь хөрөнгө оруулалт сүүлийн хагас жилд эрс татарсантай холбоотой юм байна. Энэ жил сонгуулийн жил болохоор хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэж үзэхгүй байгаа гэж тэрбээр тайлбарласан.
Эрхэм гишүүд дээрх асуудалд тодорхой хуулийн бодлого, зохицуулалт шаардлагатай болжээ хэмээн дүгнэж байгаагаа илэрхийлж байлаа. Гадаад худалдааны алдагдал, хяналтын талаар ярих цаг болжээ гэж Ц.Баярсайхан гишүүн хэлсэн. Тэрбээр, бусад орнууд бодлогын хүүгээ бууруулж байхад манайд нэмж байна. Валютын ханшийн асуудлаар ярилцах хэрэгтэй хэмээн хэлсэн.
Б.Батбаяр:Төрийн мөнгийг зувчуулж, хувааж авдаг хэдэн компани л байна
Энэхүү мэдээллийн дараа Байнгын хорооны гишүүд шатахууны үнийн асуудлаар ЭБЭХ-ний дэд сайд Б.Ариунсангийн мэдээллийг сонслоо.
Баасан гаригаас шатахуун импортлогч компаниуд үнээ нэмж эхэлсэн бөгөөд хамгийн сүүлчийн компаниуд өнөөдөр үнээ нэмжээ. Бүгд 200-250 төгрөгөөр үнээ нэмсэн бөгөөд үүнийгээ валютын ханш өссөнтэй холбон тайлбарлаж байгаа гэж дэд сайд гишүүдэд мэдээллээ. Түүний хэлснээр нефьтийн бүтээгдэхүүн импортлогч компаниуд өнгөрсөн хоёр сард ашиг олох нь бүү хэл алдагдал хүлээж явсан гэнэ.
Харин УИХ-ын гишүүд дэд сайдын тайлбарт жаахан таагүй хандсан. Түүнийг хувийн компаниудын байр суурийг хамгаалж байна гэж үзсэн бөгөөд төрийн төлөө бус компаниудын төлөө ажиллаж байгаа бол тэр газраа очиж ажилласан нь дээр гэсэн зөвөлгөөг хүртэл өгч байлаа.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Монголбанкнаас бидэнд өгсөн мэдээлэлдээ шатахууны үнийн өсөлт валютын ханшийн өсөлтөд нөлөөллөө гэж хэллээ. Хоёр жилийн өмнө нэг ам.доллар 1450 төгрөг байхад нэг баррель нефьтийн үнэ 76 ам.доллар байжээ. Тэр үед нефьтийн бүтээгдэхүүнээс гаалийн, онцгой болоод НӨАТ бүгдийг нь авч байсан. Тийм байхад нэг литр шатахууны үнэ 1250 төгрөг байсан. Хоёр жилийн дараа шатахууны үнэ 1900 төгрөг болчихлоо. Гэтэл Засгийн газар НӨАТ-аас бусад бүх татварыг тэглэсэн. Дэлхийн зах зээл дээр баррель нефьтийн үнэ 69-100 ам.долларын үнэтэй байна. Өөрөөр хэлбэл дэлхийн зах зээл дээрх нефьтийн үнэ 30 хувь нэмэгдсэн байхад манайхан бүх татвараас чөлөөлөгдөж байж 60 хувиар нэмчихээд байна. Үүнийг юу гэж ойлгох вэ гэж лавласан.
Харин дэд сайд Б.Ариунсан, 2010 оны нэгдүгээр сард ам.доллар 1455 төгрөгийн ханштай байж. Тэр үед нэг тонн дизель түлшийг 768 ам.доллараар авч байсан. Харин өнөөдөр нэг тонн дизель түлшийг 1230 ам.доллараар авч байна. Үүний зөрүү л гэхэд 500 ам.доллар болж байна гэсэн тайлбарыг хийсэн юм.
УИХ-ын гишүүн Я.Батсуурь газрын тосны салбар дампуурлаа хэмээн дүгнэсэн. Тэрбээр, 2008 онд нэг баррель нефьтийн үнэ 150 доллар хүртлээ өссөн ч 50 доллар болтлоо үнэ нь унаж байсан. Ам.долларын ханш 1450 төгрөг байснаа 1200 төгрөг болж буурсан. Гэтэл шатахууны үнэ 20-30 төгрөгөөр л буурсан. Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газар нь хуйвалдааны газар болж хувирсан. Одоо төр өөрөө зохицуулалт хийх болжээ. Төр шатахууныг импортолж оруулж ирээд тэр компаниуд жижиглэнгийн худалдаагаа хийнэ биз. Тэгэхгүй бол энэ хэдэн компаний улсын эдийн засгийг сүйдэллээ. Удахгүй Засгийн газар энэ хэдэн компанид хэдэн тэрбум төгрөгийн татаас өгье гээд л ороод ирнэ. Тэгээд шатахууны үнийг буулгаад тэр авсан мөнгөө сонгуульд зарцуулах гэж байгаа. Тийм л зүйл болно гэж хэллээ.
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Бүх татварыг тэглэчихээд байхад үнээ 60 хувь нэмлээ. Бид өөрсдөө түүхий нефьт олборлодог. Түүнийгээ боловсруулах үйлдвэр байгуулаач гээд аль 2008 оноос хойш ярьсан. Гэтэл хоёр яам нь энэ асуудал дээрээ тохирдоггүй гэж байгаа. Өчигдөр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин дэд сайд Б.Ариунсан баасан гаригт нефьт импортлогч компаниудын эздийг цуглуулан хуралдаад үнээ нэм гэсэн шийдвэр гаргасан гэж хэлж байсан. Тэр үнэн үү. Тэгэж хууль зөрчиж болдог юм уу гэж лавласан.
Дэд сайд Б.Ариунсангийн тайлбарласнаар, 2008 оны шатахууны өсөлтийн дараа импортлогч компаниудын саналыг сонсдог ажлын хэсгийг байгуулан даргаар нь түүнийг тавьсан аж. Компаниуд зовлонгоо яриад ороод ирэхээр нь сонсдог гэлээ. Үнээ нэм гэсэн шийдвэр гаргасан зүйл байхгүй гэж хэллээ.
УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл, Дэлхийн зах зээл дээр нефьтийн бүтээгдэхүүний үнэ тогтвортой байхад хэсэг хүмүүс хуйвалдаад үнээ нэмчихдэг. Яам энэ хүмүүсийн толгойг илээд сууж байхаар лицензийг нь хураах хэрэгтэй шүү дээ. Ийм замбараагүй байдлыг өөгшүүлэхээ болимоор байна гэсэн бол УИХ-ын гишүүн Б.Батбаяр, Хаана зовлон байна, тэнд бензиний үнийг өсгөдөг болж. Төрийн мөнгийг зувчуулж, хувааж авдаг хэдэн компани л байна. Хүн бүрийн амьдралтай холбоотой энэ бүтээгдэхүүнд төрийн хяналт байх ёстой. Импортлох эрхийг төр 100 хувь авах ёстой гэж бодож байна. Шатахуун импортлогч компаниуд хамгийн баян нь байгаа шүү дээ. Шатахууны үнийн өсөлтийг судлах ажлын хэсгийг би толгойлно. Тэдэнтэй эцсээ хүртэл үзэх болно гэж хэлсэн.
Уг хуралдаанд оролцсон МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар дээрх гишүүдийн хэлснийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр, Засгийн газарт Нийгмийн зөвшлийн гурван талд хэлэлцээр хийх шаардлага хүргүүлсэн. Нийгмийн халууныг буулгах дөрвөн шатлалт төлөвлөгөө гаргачихаад үйлдвэрчний эвлэл Засгийн газрыг хөөгөөд гүйцэхгүй байна. Шатахууны салбарыг хэдэн олигрхиудад өгчихөөд, ард түмэн нь тэсрэх гэж байгааг тоохгүй байна хэмээсэн.
Гишүүд ийнхүү хэлэлцээд богино хугацаанд авч хэрэгжүүлэх саналыг боловсруулах ажлын хэсгийг байгууллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ