Милош Теодосич NBA-д ирэх үү

Сербийн шилдэг сагсанбөмбөгч Милош Теодосичийг NBA-д тоглох боломжтой гэсэн яриа, өнгөрсөн II сараар эрчимтэй яригдаж байсан. Ялангуяа Брүүклин Нэтс баг түүнийг эгнээндээ нэгтгэхээр хөөцөлдөж байна гэсэн яриа хурдацтай тархаж байлаа. Гайхалтай дамжуулалт, оновчтой шидэлтүүдээр Европ тивийг байлдан дагуулдаг шилдэг тоглогчийг Дэлхийн хамгийн хүчирхэг лигт харах хүсэлтэй сагсан бөмбөг сонирхогчид ч олон бий.
Тэгвэл энэ хэлэлцээр биелэлээ олоход ойрхон байгаа бололтой. Нью Йорк Таймс сонинд мэдээлснээр Брүүкин Нэтс багийн ерөнхий менежер Шон Маркс, дасгалжуулагч Кэнни Аткинсон нар өнгөрсөн долоо хоногт Милош Теодосичтой уулзаж, тоглолтыг нь үзсэн байна. Москва хотод Евролигийн плейоффын ээлжит тоглолт болсон бөгөөд ЦСКА Москва багийн лидер Серби эр тус тоглолтонд Испанийн Баскониа багийн эсрэг 16 оноо, 8 оновчтой дамжуулалт өгчээ. Шон Маркс саяханы нэгэн ярилцлагадаа Теодосичийг Дэлхийн хамгийн шилдэг дамжуулагч гэж өндөр үнэлж байсан бол тус тоглолтоос маш өндөр сэтгэгдэлтэй гарсан гэсэн мэдээлэл ч байна.
Брүүклин Нэтс багийн эзэн Орос тэрбумтан Михайл Прохоров ч мөн түүнийг NBA-д авчрах ажилд өөрийн биеэр оролцож байгаа нь нууц биш. Хэрвээ Нэтсийн удирдлагуудын ажил хэрэг бүтвэл бид ирэх улиралд Милош Теодосичийг NBA-д тоглохыг харах юм.
Г.Баяраа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ