Ц.Мөнх-Оргил сайд аа тойргийн чинь 300 айл гудамжинд гарлаа

Сүхбаатар дүүргийн 10-р хороо буюу 100 айлын нийтийн цагаан байр гэж нэрлэдэг 1, 2, 3, 4, 6, 9, 10-р байрууд нь 2013 онд дахин төлөвлөлтөд хамрагдах ёстой байсан. Гэвч дахин төлөвлөлтөд хамрагдаагүй өнөөдрийг хүрсэн. Улмаар уг байранд оршин сууж буй 320 гаруй айл өрх хүнд нөхцөлд амьдарч буй талаар тус хорооллын “Гэгээ 9” СӨХ-ноос мэдээлэл хийлээ.
Зуун айлын нийтийн цагаан байр 1976 онд баригдсан. Өдгөө 70 жилийн нүүр үзэж буй уг барилгыг 1992 онд мэргэжлийн хяналтын байгууллагаас ашиглалтын шаардлага хангахгүй болсныг тогтоожээ. Гэвч өнөөдөр уг барилгад нийт 320 гаруй айл амьдарсаар байна.
Уг байрыг 2009 оноос эхэлж гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамруулахаар “Гэзгийн худаг” ХХК-ийг сонгон шалгаруулж байсан гэдэг. Гэтэл тухайн үед тус компани сонгон шалгаруулалтад тэнцэх эрхээ авсан ч худалдаа эрхлэгчидтэй тохиролцоонд хүрч чадаагүйн улмаас энэ ажил цуцлагджээ. Улмаар шүүхээр уг компанийн барилга барих төслийг хүчингүй болгосноор нийтийн эзэмшлийн талбай Нийслэлийн Засаг даргын мэдэлд очсон байна.
Оршин суугчид 7-8 жилийн турш шинэ барилга бариулахаар холбогдох албан тушаалтан, тойргоос сонгогдсон нэр дэвшигчдэд хүсэлт хүргүүлсэн ч дэмжээгүй гэдгийг “Гэгээ 9” СӨХ-ны захирал О.Сэлэнгэ хэлж байна.
Тэрбээр “Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил манай тойргоос сонгогдсон. Сонгогдсон тойргийнх нь 300 гаруй айл амьдрах байргүй болчихоод байхад огт дэмжихгүй, санаа тавихгүй байна. Тойргийнхоо иргэдтэй улзалт хийдэг ч өөрийн хүрээллийн хүмүүстэй уулзаад биднийг ер авч уулзахгүй байгаад нь харамсч байна. Ц.Мөнх-Оргил сайд аа луйвар хийж, жүжиг тоглохоо болииоч. “Гэгээ 9” СӨХ-ийн үгийг сонсооч гэж хүсч байна. Газрын зөвшөөрлийг нь л өгчих. Бид өөрсдөө барилгаа барих хөрөнгө олсон” гэв.
“Гэгээ 9” СӨХ-оос 2016 онд БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар шинэ барилгын ажлыг эхлүүлэхээр болсон ч газрын зөвшөөрөл олгоогүй аж. Харин энэ жил Турк, Солонгосын хөрөнгө оруулалтаар шинэ хороолол барих бүрэн боломжтой, газрын зөвшөөрөл шаардлагатай байгаа ажээ.
Зуун айлын нийтийн цагаан байрны гуравдугаар байрны 51 айл байрнаасаа гарчээ. Харин үлдсэн 10 айлыг УИХ-ын гишүүн асан Э.Бат-Үүл Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа захирамж гаргаж орон сууц корпорацийн барилгад оруулсан байна. Гэвч уг 10 айл өрөнд орсон гэдгийг “Гэгээ 9” СӨХ-оос мэдээллээ. Мөн тус байрны нийт 320 гаруй айлын 100 гаруй нь амьдрах аргагүйд хүрч бусдын гэрт амьдарч байгааг хэлж байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ