Автомашин импортлогчдод ичих нүүр, цочих булчирхай алга

Хэдэн жилийн турш ярьсан “Авто худалдааны цогцолбор” нээгдээд хоёр жилийн “нүүр” үзэж байна. Гэтэл машины ченжүүд хийгээд авто худалдааны захууд тийшээ нүүхгүй гэж “гэдийгээд” “Да хүрээ”, “Өгөөмөр”, вокзалын арын “Мянган машины зогсоол” өөр бусад зах нь өнөөдөр ажилласаар л байна.
Ченжүүд автомашинаа аваад хотын захаас зайдуухан орших 22-ын товчоо орчимд төвхнөсөн бол хотын түгжрэл багасахыг мэргэжилтнүүд тайлбарлаж байсан. Даанч тэднийг учирлан гуйж, албадан нүүлгэнэ гэж шүүх цагдаагаар сүрдүүлсэн ч үнэндээ дийлдээгүй хотдоо, үлдсэн. Тэдэнд хэн ч, юу ч гэж хэлээд тусыг эс олсон тул албаныхан тэгс гээд орхисон.
Тэгтэл тун саяхан УИХ-ын чуулганаар импортын автомашины онцгой албан татварыг тавдугаар сарын 1-нээс 40-250 хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг гаргалаа. Үүнийг автомашин импортлогч, бизнес эрхлэгчид мөн л эсэргүүцэж, шийдвэрээ эргэн харж, хуульд өөрчлөлт оруулахгүй бол өлсгөлөн зарлаж, тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ хэмээн “сүжигнээд” амжив.
Улаанбаатар хотын авто машины захад худалдаа эрхэлдэг 2000 орчим бизнес эрхлэгч байдаг гэнэ. Төсвийн тодотголоор автомашины онцгой албан татварыг 50 хувиар нэмэх болсон нь энэ бизнес эрхлэгчдийн амьдралыг “сүйрүүлж” байгаа хэрэг гэдгийг тэд онцлов. Үнэндээ тэдэнд алдах юм үгүй. Тавдугаар сарын 1-нээс татвар нэмнэ гэсэн сургаар л тэд оруулж ирсэн автомашиныхаа үнийг автоматаар нэмж, татвар “шингэсэн” үнээр худалдаалж эхэлсэн.
“Да хүрээ” зах дээгүүр хэд хоногийн өмнө БНСУ-аас оруулж ирсэн “Соната 6” автомашин 6 сая төгрөгийн үнэтэй байлаа. Харин өнөөдөр өнөөх машины үнэ хоёр сая төгрөгөөр нэмэгдсэн байв. Худалдагч залуу “Татвар нэмэгдэх гээд байна шүү дээ. Оруулж ирсэн хэдийгээ ч болтугай үнэтэй зарж, “шархаа” нөхөхгүй бол ашиг гэхээр юм олохгүй л болоод байна” гэж машиныхаа тоосыг арчингаа тоомжиргүй хандав.
Автомашин импортлогчид Япон, Солонгосоос хамгийн хямд машиныг нь оруулж ирээд үнэ хүргэж зардаг нь нууц биш. Татвар нэмэх сургаар л оруулж ирсэн машиныхаа үнийг өсгөчихдөг хэр нь татвар буулгахаар өсгөсөн үнээ хямдруулж байсан удаа бий бил үү. Тэгсэн хэр нь аливаа шийдвэрийг эсэргүүцэж “Нүүхгүй, “Зөвшөөрөхгүй”, “Сууна”, “Өлсөнө” гэж сүрдүүлэх нь “увайгүй”. Монголчууд харин ч хэдэн ченжийн бэлэн мөнгөнд "дарлуулж" хэлсэн үнэ, тавьсан нөхцлөөр нь автомашиныг нь худалдан авч хүлцэнгүй ханддаг. Тэгэхээр гаргасан шийдвэр, хууль тогтоомж бүр автомашины ченж нарын хүсэлд заавал нийцэх ёсон үгүй.
Ер нь монголчуудын дийлэнхи хувь нь цоо шинэ машин, бидний хэлдгээр явсан километр нь “0” гүйлттэй машин унаж үзээгүй гэхэд хилсдэхгүй. “Да хүрээ”, “Мянган машины зогсоол”-д зарагдаж байгаа автомашинуудад “0” гүйлттэй машин гэж огт байхгүй. Тэгсэн ч “Орж ирсэн” машин гэдэг утгаар монголчууд “уралдаад” авдаг нь үнэн.
Үндэсний статистикийн хорооны 2016 оны тайлан мэдээлэлд Монгол Улс эхний долоон сард нийт 148.7 сая ам.долларын үнэ бүхий 22.1 мянга орчим суудлын автомашин импортолсон байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 8.5 хувиар өссөн дүн юм. Нийт машины 85 орчим хувийг Япон улсаас импортолсон суудлын автомашин бүрдүүлж байгаа бол 6.8 хувийг Герман, гурван хувийг БНСУ, 2.9 хувийг АНУ-аас нийлүүлжээ. Харин Японоос Монголыг чиглэх суудлын автомашины импорт жилийн өмнөхөөс найман сая орчим ам.доллараар өсчээ.
Мөн манай улсад бүртгэлтэй нийт тээврийн хэрэгслийн дийлэнх нь буюу 75-85 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай, хуучирсан техник байна гэсэн судалгаа бий. Үнэндээ манайхны “Орж ирсэн” гээд хошуурдаг автомашинууд нь гадаадын оронд унах боломжгүй гэж үзээд хэрэглээнээс хассан техник хэрэгсэл байдаг нь бодит үнэн. Нэг үгээр бол Монгол Улс хөгжилтэй орны хогийн цэг болсон. Харин манайх хэзээ үйлдвэрлэгч улс болж, гадныхны актлагдсан төмрийн “сэгнээс” татгалзахыг таах боломжгүй.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ