“THAAD” төхөөрөмж байршуулахыг иргэд эсэргүүцжээ

Хойд Солонгосоос ирэх пуужингийн цохилтыг хамгаалах үүднээс АНУ, Өмнөд Солонгосын хил дээр пуужин эсэргүүцэгч “THAAD” төхөөрөмжийг байршуулахаар шийдвэрлэсэн билээ. Өнгөрсөн хоёрдугаар сард тус төхөөрөмжийн суурийг хил дээр байршуулсан бол өчигдөр “THAAD” төхөөрөмжийн их биеийг байршуулахаар америкийн цэргүүд тус бүс нутагт ирэх үед орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй нүүр тулсан талаар “www.yonhapnews.co.kr” сайт мэдээллээ.
Иргэд гартаа “THAAD” хэрэггүй”, “Дайн хэрэггүй”, “Найзуудаа наад төхөөрөмжөө аваад гэртээ харьцгаа” гэх лоозонгоор жигдэрчээ. Иргэдийг тараахын тулд цагдаагийнхан хүч хэрэглэсний улмаас мөргөлдөөн үүссэн байна.
Уг төхөөрөмжүүд хил дээр байршсан цагт Пхеньян ямар ч сануулга өгөхгүйгээр пуужингийн цохилт өгөхөө өмнө нь сануулсан юм. “Америкчууд санаатайгаар дайныг өдөөн турхирч байна” хэмээн уг жагсаалын зохион байгуулагч мэдэгджээ.
Энэхүү үйл явдлаас хэдхэн цагийн өмнө АНУ-ын цөмийн шумбагч “Мичиган” онгоц Бусан хотын эрэгт ирсэн юм. Мөн тус улсын нисэх онгоц тээвэрлэгч “Карл Винсон” болон түүний дагалдах хөлгүүд цэргийн сургуулилтад оролцохоор Японы тэнгист ирсэн билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ