Их тулааны өмнөх сүүлчийн бэлтгэл

img

Украйны шилдэг тулаанч Владимир Кличко, Их Британийн тулаанч Энтони Жошуа нарын тулаан болоход ердөө 2 хоног үлджээ. Хүнд жингийн Дэлхийн шилдгүүдийн тулаан сонирхогчдын анхаарлыг татаж байгаа нь гарцаагүй. Тэгвэл өчигдөр хоёр тамирчин тулааны өмнөх сүүлийн бэлтгэлээ хамтран хийжээ. Лондон хотод болсон энэ бэлтгэл олон нийтийн өмнө нээлттэй болсон бөгөөд тулааны өмнөх сүүлийн бэлтгэл, мөн сүүлийн том сурталчилгаа болсон юм. Тамирчдын хувьд тулааны орлогод санаа зовох зүйл огт байхгүй. Учир нь энэ тоглолтын тасалбар 80 000 хувь хэвлэгдэж, өнгөрсөн I сард бүрэн зарагдаж дуусчээ.

 

 

Тулааныг IBF, WBA холбоод хамтран хийж байгаа бөгөөд аль хожсон тамирчин нь тус холбоодын хүнд жингийн аварга болох учиртай. Мөн ялагч 15 сая фунт стерлингийн шагналыг өөрийн болгоно.

 

Украйн эрийн хувьд мэргэжлийн рингэнд өмнө нь 68 тулаан хийснээс 64 ялалт байгуулж, нийт ялалтынхаа 53-ыг  хүнд цохилтоор авч чадсан юм. Харин Энтони Жошуа ердөө 18 тулаан хийсэн ч  ялагдлын гашууныг амсаагүй яваа юм. Тулаан манай цагаар энэ сарын 30-ны шөнө Их Британийн Лондон хотын Уэмбли цэнгэлдэх хүрээлэнд болно. Энэ сонирхолтой тулааныг Дэлхийн 30 гаруй орны телевиз шууд дамжуулах юм.

 

Г.Баяраа

Эх сурвалж: Associated Press

СЭТГЭГДЭЛ БИЧИХ