МУГЖ С.Батсүх Б.Бат-Энэрэл хүүтэй хамтран дуулав
МУГЖ, дуучин С.Батсүхийн “Орчлонг хайрлаарай”, “Ухаарал” зэрэг дууг тун ч эвлэгхэн дуулж олны хайр хүндэтгэлийг хүлээгээд байгаа бяцхан дуучин Б.Бат-Энэрэлд зориулсан хандивын тоглолтыг зохион байгуулахаар болжээ.
Б.Бат-Энэрэл хүү төрөлхийн харааны бэрхшээлтэй төрсөн ч нэг настайгаасаа сул хардаг болсон гэдэг. Мэргэжлийн эмч нар хүүг зургаан нас хүрэхээс урьтаж мэс заслын аргаар харааг нь сайжруулах боломжтойг зөвлөсөн байна. Одоо Б.Бат-Энэрэл хүү таван настай.
Иймд бяцхан хүү Энэтхэг улсад нүдний хагалгаанд орохоор болжээ. Хагалгааны зардалд зориулан гэр бүлийнхний зүгээс хандивын тоглолт зохион байгуулахаар болсон байна. Хандивын тоглолт ирэх тавдугаар сарын 20-нд 19.00 цагт МҮЭСТО-нд болох юм.
Хандивын аянд зориулан МУГЖ С.Батсүх “Хаан заяатай орчлон” дуугаа Б.Бат-Энэрэл хүүтэй шинэчлэн дуулж, клипжүүлсэн байна. Энэхүү дууг “Мобиком”-ын хэрэглэгчид “Hitone”-доо татаж тоглуулснаар хүүгийн эмчилгээний зардалд хувь нэмэр оруулах юм байна. Мөн олон нийт бяцхан дуучинд мэлмий хайрлахыг хүсвэл “Хаан” банкны 5005705589 тоот дансанд сэтгэлийн өргөл өргөх боломжтой юм.
Б.Бат-Энэрэл хүүгийн ээж нь гадаадад ажиллаж хөдөлмөрлөдөг. Хүү Улаанбаатар хотод эмээгийн хамт аж төрж байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ