Формула 1: Оросын ГранПри

img

 

Гурван жилийн өмнө нээлтээ хийж байсан ОХУ-ын Сочи хотын автодром энэ жил 4 дэх жилдээ дараалан Формула 1-ийн ДАШТ-ийг хүлээн авлаа. 5.8 км урттай 19 эргэлт бүхий энэ авто тойруулгад жил бүр онц сонирхолтой уралдаан болдгоороо онцлог. Эхний хоёр жил дараалан Их Британи нисгэгч Льюис Хамилтон ялалт байгуулсан бол өнгөрсөн жил Нико Росберг ялалт байгуулсан юм. Харин энэ жил Оросын замд хэн хамгийн шилдэг байсан бол.

 

Энэ жил Германы Мерседес багт ирсэн Финлянд нисгэгч Валттери Боттас Оросын ГранПри-гийн гол хүн нь байлаа. Байрлал тогтоох уралдаанд тэрбээр III байрыг эзэлсэн ч үндсэн уралдааны эхнээс нь онцгой сайн байсан юм. Энэ жил техникийн шинэчлэлтийг тун сайн хийгээд байгаа Феррари багаас түүнтэй хамгийн ойрхон өрсөлдсөн тамирчин нь Дэлхийн 4 удаагийн аварга Себастиан Феттель байв. Гэхдээ багийнхан тактикийн алдаа гаргаж сүүлийн пит-стоп руу хожимдож орсон юм. Улмаар үлдсэн цөөн тойрогт Боттасыг гүйцэж чадаагүй учраас Финлянд залуу анхны ялалтаа авлаа.

 

 

Харин түүний араас Ферраригийн хослол С.Феттель, К.Райконен нар барианд орсон юм. Италийн домогт баг энэ жил Ультра-софт дугуйг түлхүү хэрэглэж байгаа нь хэд хэдэн талаараа давуу талтай ч хамгийн зөөлөн дугуйг хэрэглэсэн тохиолдолд пит-стопт орохдоо тун сайн тооцоолох шаардлагатай тулгардаг. Энэ ГранПри-гийн үеэр Феррари бага зэрэг тооцоолол алдсан нь нууц биш. Сонирхуулахад В.Боттас энэ ялалтыг авснаар F1-ийн ГранПрид ялалт байгуулсан 107 дахь нисгэгч болж, түүхэнд нэрээ үлдээжээ.

 

Уралдааныг бүхэлд нь эргэн харвал сонирхолтой үйл явдлаар дүүрэн байлаа. Макларен багт ирсэн эхний жилээсээ л тааруу байгаа Дэлхийн аварга Фернандео Алонсо энэ ГранПри-д мөн асуудалтай тулгарсан юм. Түүний машины хурдны хайрцагт асуудал гарснаар үндсэн уралдаанд орж чадсангүй. Мөн эхний тойрогт Рено багийн Британи нисгэгч Жолион Палмер, Хаас багийн Ромен Грожан нар мөргөлдсөн. Үр дүнд нь хоёул хамтдаа уралдааныг орхисон юм.  Тэгвэл V байрнаас уралдааныг эхлүүлсэн Рэд булл багийн Австрали нисгэгч Даниель Риккардо мөн л техникийн асуудалд оржээ. Тав дахь тойрогт түүний машины тормос эвдэрснээр замаа чөлөөлсөн юм.   

 

Жил бүр Оросын ГранПри-гийн гол хүмүүсийн тоонд багтдаг зохион байгуулагч орны тамирчин Даниил Квят 12 дугаар байранд орж, онооны гадуур хоцорлоо. Харин түүний өмнө Уильямс багийн залуу нисгэгч Лэнс Стролл орсон юм. Канад тэрбумтаны ганц хүү, улирлын эхний гурван уралдаанд дараалан барианд орж чадаагүй бол энэ удаад анх удаа барианы шугамыг давж чадав. Улирлын өмнө Уильямс багт багагүй хэмжээний мөнгө төлж, үндсэн нисгэгчийн гэрээ хийсэн гэгдэж байсан Л.Строллын хувьд өмнөх гурван улиралд оролцсон бүх ангилалдаа түрүүлсэн юм.

 

Тэгвэл Оросын ГранПри-д хамгийн олон буюу хоёр удаа түрүүлсэн Их Британи нисгэгч Льюис Хамилтон энэ өдөр тэргүүлэгчийн өрсөлдөөнөөс хол байлаа. Өнгөрсөн улирлын турш хөдөлгүүрийн асуудалтай уралдсан Британи эр эхний эргэлт дээр дайралт хийх боломжоо алдснаар IV байраа уралдааны туршид хадгалсан. Боттасын машинтай харьцуулахад түүний болидод асуудал багагүй байгаа. Түүний  хөдөлгүүр өндөр темпратурт бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байгааг Мерседесийн инженерүүд гүйцэд шийдэж чадаагүй байна. Хамилтон Ферраригийн хослолоос 20 орчим секундын зөрүүтэйгээр барианд орлоо.  

 

Тэгвэл Оросын ГранПри-гийн 5-10 дугаар байранд Макс Ферстаппен(Рэд булл), Серхио Перез (Форс Индиа), Эстебан Окон (Форс Индина), Нико Хюлкенберг(Рено), Фелипе Масса (Уильямс), Карлос Сайнз Жуниор (Торо Россо) нар орж, оноо авч чадсан байна.

 

Оросын ГранПри-гийн дараах байдлаар нисгэгчдийн цомыг Феррари багийн Себастиан Феттель тэргүүлсэн хэвээр үлдлээ. Тэрбээр 86 оноотой байгаа бол араас нь 73 оноотой Льюис Хамилтон, 63 оноотой Валттери Боттас нар бичигдэж байна.

 

Харин зохион бүтээгчдийн цомын хүснэгтийг шинэ баг тэргүүлж эхэлсэн нь Мерседес боллоо. В.Боттасын ялалтын онооны ачаар тэд 136 оноотой болж хүснэгтийн тэргүүн байранд гарсан бол Феррари ердөө нэг оноо дутуу удаалж,  Рэд булл 57 оноотой 3 дугаар байранд жагсаж байна. Формула нэгийн ДАШТ-ий тавь дахь ГранПри энэ сарын 14-ний ням гаригт Испанийн Барселона хотын Каталунья авто тойруулгад болно. 

 

Г.Баяраа

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ