Азтай Нэвилл Аргентины раллид түрүүллээ

Раллигийн ДАШТ-ий энэ улирлын 5 дахь гараа нь Аргентины ралли байлаа. Энэ жил 37 дахь жилдээ болж байгаа тус уралдаан 18 үе шаттайгаар 356.4 км зайд болсон байна. Гурван өдөр үргэлжилсэн тус уралдааныг Форд ФиестаWRC багийн гишүүн, Их Британийн Эльфрин Эванс хол илүү тэргүүлж байсан юм. Тэрбээр уралдааны 2-17-р шатыг дуустал хүснэгтийг тэргүүлж байсан бөгөөд 16.3 км зайд үргэлжилсэн сүүлийн шатанд осолд оржээ. Харин энэ боломжийг дэд байранд явсан Хьюндэй багийн Тьерри Нэвилл алдалгүй ашиглаж, уралдааны тэргүүн байрыг эзэлжээ.
Өнгөрсөн сард Францын уралдаанд түрүүлсэн Бельги залуу ийнхүү нисгэгчдийн хүснэгтийн дэд байр руу дэвшин орж ирлээ. Түүний багт мөн сайн мэдээ байгаа нь энэ жил шороон замын уралдаанд Hyundai - i20 загварын шинэчлэлтүүд тун сайн зохицож байгаа явдал юм. Одоо дараалсан 4 уралдаан шороон замд болно. Иймээс тус уралдаануудаас өндөр амжилттай гарч ирэхийг багийнхан хүсч байна. WRC-н дараагийн гараа тавдугаар сарын 21-нд Португал улсад болно.
Г.Баяраа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ